Энтертайнмент
Г.Даваадалай: Өөрийнхөө хайрладаг зүйлийг хайрладаг хүмүүстэй хамтдаа байна

“The Voice Of Mongolia” шоуны гурав дахь улирлын ялагчаар “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаярын багийн шилдэг оролцогч Д.Даваадалай түрүүллээ. Энэ удаагийн шоуны эхнээс Г.Даваадалай шууд л онцгойрсон юм. Хэдийн үзэгчдийн дунд “Нөгөө сахалтай хэн билээ. Тэр яг түрүүлэх нь” гэх бодол төрсөн нь дамжиггүй. Ийнхүү энэ удаагийн өдрийн хүнээрээ өөрийн амьдралдаа нэгэн түүхийг бичсэн Гэрэлт-Одын Даваадалайг онцолж байна.
Гэрэлт-Одын Даваадалай Өмнөговь аймагт төрж өссөн 26 настай хүний нөөцийн мэргэжилтэн. Рояаль академид хүний нөөцийн чиглэлээр сурч, 2017 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Хятадын Hangzhou хотод хоёр жил хэлний бэлтгэлд сураад үргэлжлүүлэн Zhejiang Технологийн Их сургуульд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар төлөвлөөд байв. Гэвч корорнавирус гарсны улмаас сургуулиасаа жилийн чөлөө аваад Монголдоо ирээд буй. Хятадад сурч байхдаа их сургуулийн оюутнуудын дунд болдог “Топ-10” тэмцээнд оролцсон нь түүний анхны тайз бас анхны том ялалт нь байжээ.
Ямар нэгэн хэв маягт баригдах дургүй. Ямар хувцас таалагдана, түүнийг л өмсдөг гэдгийг “The Voice Of Mongolia” шоуны тайзнаа бид хангалттай харсан. Түүний гадаад төрх хэв маягийг сахал, намирсан урт үсгүйгээр нь төсөөлөхөд бэрх. Тэрбээр жилийн өмнөөс сахлаа ургуулж эхэлсэн бөгөөд “Гадуур явахдаа маск зүүчих юм чинь зүгээр л ургуулаад үзье” гэж бодсон гэнэ. Харин үсээ дөрвөн жилийн хугацаанд ургуулж байгаа. Үүн дээр нэгэн зүйлийг нэмж хэлэхэд тэрбээр өөрийн үсээ зүгээр ч нэг ургуулаад зогсохгүй хангалттай хэмжээнд урт болсон гэх үедээ хандивлан гэсэн бодол дотроо өвөрлөн явдаг гэнэ шүү.
Мөн тэрбээр уг шоунд оролцсоноор “Аливаад чин сэтгэлээсээ хандвал хариу нь үргэлж сайнаар буцаж ирдэг” гэдгийг маш сайн ойлгосон гэсэн юм. Тэр хэцүү санагдсан үедээ өөртөө “Бүх юм сайхан болно” хэмээн хэлж зоригжуулах дуртай. Г.Даваадалай цусаа тогтмол хандивладаг донор аж. Түүний энэхүү уянгалаг ховорхон дуу хоолой тээврийн жолооч өвөөгөөс нь өвлөгдөн ирсэн гэж тэрбээр нэгэн ярилцлагадаа дурджээ. “Өвөө маань хол замд явахдаа ардын дууг гоё дуулдаг байсан гэж ээж минь ярьдаг. Ээж минь бас их гоё дуулдаг. Би багаасаа дуу сонсох, дуулах дуртай байсан” хэмээжээ.
Тэрбээр мөн яагаад Д.Отгонбаяр шүүгчийг сонгох болсон тухайгаа ийн ярьжээ. “Бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой мундаг уран бүтээлчид. Дөрвөн шүүгч эргэж харахад бүгдтэй нь хамт баймаар санагдсан. Шуналтай ч гэмээр тийм хүсэл байсан. Үгнээс илүү үйлдэл гэдэг шиг тухайн үед Д.Отгонбаяр ах яг хүүхэд шиг сэтгэл нь догдлоод, намайг чин сэтгэлээсээ авахыг хүсэж байсан нь гоё санагдсан гэж болно. Бид хоёр ямар нэг зүйлээрээ холбогдоод байх шиг мэдрэгдэж, энэ хүний багт л орох ёстой гэсэн бодлоор сонголтоо хийсэн” гэв. Г.Даваадалай шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаярыг эрч хүч, сайхан сэтгэл, шударга ёс хэмээх үгсээр тодорхойлов.
Тэгвэл Шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаяр “Би Б.Наранзуныг блоклож Г.Даваадалайг багтаа авсан. Бидний үед урлаг ийм байх ёстой гэсэн түгээмэл ойлголттой байсан. Харин энэ цаг үед урлаг маш чөлөөтэй болсон. Багийнхныхаа зүрх сэтгэлтэй нь ойртож ярилцах, өөр өөрсдийнх нь онцлогийг мэдэрч ажиллах дуртай. Манай багт маш хүчтэй оролцогчид багтсан. Хоорондоо цагаанаар өрсөлдөж ирсэн.
Г.Даваадалайгийн тайван чанар нь маш зөв. Аливаад түүртэхгүй суурьтай ханддаг. Мөн юунаас ч айхгүй зоригтой байдал нь түүнийг амжилтад хүрэхэд тусална. Би багийнхныгаа “Хайртай шүү” гэж урамшуулдаг. Сүүлийн шатанд маш сайхан уран бүтээлээр үзэгч олонтойгоо уулзана” хэмээсэн юм.
Эцэст нь Г.Даваадалай эл шоунд оролцсон тухайгаа “Амьдралдаа маш гоё өнгө нэмэх гэж энэ шоунд орсон. Би саяхныг хүртэл урлагийн хүмүүсээр хүрээлүүлж үзээгүй байлаа. Тиймээс энэ шоунд орж нэг ижил сонирхолтой хүмүүстэй танилцаж, хамт байхыг хүссэн. Өөрийнхөө хайрладаг зүйлийг хайрладаг хүмүүстэй хамтдаа байж, хамт хөгжөөд явна гэдэг гайхалтай санагдаж байна” гэлээ.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
