Бусад
АН-ынхаан, сонгогчдыг “ашиглах” бус боловсролд нь анхаарал хандуулаач

Сонгогчдын гуравны нэгийн саналаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачилжээ. Түүний хэлснээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар сонгогчид өөриин тойргийн УИХ-ын гишүүндээ итгэл алдарсан тохиолдолд эгүүлэн татах эрхийг олгох, хууль зүйн боломжийг нээх үндсэн зорилготой аж. Тухайн УИХ-ын гишүүнийг тойргийнх нь сонгуульд оролцсон нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь эгүүлэн татах санал гаргасан тохиолдолд саналыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-д танилцуулж чөлөөлөх юм байна. Өөрөөр хэлбэл, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн санал хураалт явуулахгүйгээр шууд чөлөөлөх ажээ. Сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээдэггүй, ямар ч хамаагүй аргаар саналыг нь авчихаад нуруугаа харуулчихдаг УИХ-ын гишүүдтэй манай улсын нөхцелд байх ёстой хуулийн нэг яах аргагүй мөн. Улстөрчдийн нэр хүнд унасан, тэдэнтэй өндөр түвшинд хариуцлага ярих зайлшгүй шаардлага бий болсон энэ үед хууль эрх зүйн хүрээнд боломж бий болгох нь зөв ч асуудалд олон талаас нь, нухацтай хандах ёстой байсан хэмээн шүүмжлэх хүн олон байна. Сонгогчдын саналаар УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах нь өргөн утгаараа парламентын дархлаанд халдаад зогсохгүй, улс төрийн намууд хуйвалдаандаа иргэдийг татан оролцуулах нэг хэлбэр гэж харах хүн ч байна.
Хуульчдын зүгээс ч уг хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж, “УИХ-ын тогтвортой байдал үгүй болох сөрөг талтай” гэдгийг хэлж байгаа юм. Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн уг хуулийн төслийг олонх дэмжих эсэх нь эргэлзээтэй ч энэ удаагийн УИХ-ын гишүүд парламентын дархлаанд халдах оролдлогыг толгой дараалан гаргаж байгаа нь нууц биш. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, гишүүдийн олонхын саналаар баталсан. Ингэснээр “УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг огцруулах санал гаргаж, олонхын саналаар дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулна” гэх заалт хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн дагуу манай улс парламентын түүхэнд гурав дахь удаагаа УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэх гэж байгаа билээ. Хэрвээ цаашид хуулийн дээрх заалт хүчин төгөлдөр хэвээр байвал энэ удаагийнх шиг хэсэг бүлэг үгсэн хуйвалдсанаар парламентын спикерийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудал ногоон гэрлээр явах боломж бүрдсэн. Гэтэл үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүдийн хэн дуртай нь, хэзээ ч хамаагүй огцруулах боломжийг С.Эрдэнэ гишүүний санаачилсан хуулийн хүрээнд бий болгох нь гэх болгоомжлол бий болоод байна. Цаг хугацаа нь ингэж таарсан уу эсвэл тааруулсан уу бүү мэд, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүдийг сонгогчдынх нь саналаар эгүүлэн татах хуультай болох санаачилгыг цөөнхийн бүлгийн дарга гаргасан нь анхаарал татаж байгаа юм. Нэг үгээр бол, хариуцлага мөнхийн сэдэв байх учиртай ч төр тогтвортой байх нь түүнээс ч чухал байлтай. С.Эрдэнэ гишүүнийхээр тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн аливаа хууль бус асуудалд холбогдсон, түүнийг нь хууль шүүхийнхэн нотолсон тохиолдолд тойргийн саналын эрх бүхий иргэдийн зүгээс эгүүлэн татах санаачилга гаргаж, улмаар нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй саналыг цуглуулж чадвал УИХ-д өргөн барьж, ёсоор болгох нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Үнэндээ манайх шиг хүн амынх нь талаас илүү хувь дунджаас доогуур орлоготойд тооцогддог, сонгогчид 10-20-хон мянган төгрөгөөр саналаа худалддаг нөхцөлд дээрх хуулийг баталж, хэрэгжүүлэх нь олон талаараа хор уршигтай. Үүнд хамгийн чухал зүйл нь сонгогчдын боловсролын тухай ойлголт.
Манай улстөрчид өөрт нь санал өгдөг иргэдийн боловсролд анхаарал хандуулдаггүй атлаа энэ мэтээр тэднийг улс төрийн “тоглоом”, хуйвалдаандаа хэрхэн “ашиглах” талаар толгойгоо ажиллуулж суудаг нь харамсалтай. Нэг үгээр бол, улс төрийн талаар тодорхой ойлголттой, лоббид автах боломж бүхий нэг нөхрийг хэн нэгэн улстөрч гар, хөлөө болгож, хүссэн хүнээ унагаах буюу эгүүлэн татах санаачилга гаргаад сонгогчдын олонхын саналыг цуглуулаад ир гэж лоббидохыг үгүйсгэх аргагүй.
Би биш бол чи биш гэх муухай монгол зангийн талаар ч энд эш татаж болох юм. Жишээлбэл, нэг тойрогт хоёр ба түүнээс дээш тооны хүн нэр дэвшин өрсөлддөг. Өөрөөр сонгогчдын олонхын саналыг авч чадаагүй ч УИХ-д гарсан нэгнийгээ анаж суугаад, ард иргэдийг турхирснаар буулган авдаг болохыг ч үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр УИХ, Засгийн газрын гишүүд нь ЖДҮ-ийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлээс давуу байдлаа ашиглан их хэмжээгээр авсан нь ил болчихоод байхад л хэргээс “мултарч” дөнгөөд байгаа энэ үед нэг тойргийн гурван мянган сонгогчийн мянгынх нь гарын үсгийг цуглуулна гэдэг улстөрчдөд инээдэм.
Нэр дэвшигчдийн ёс зүй, боловсрол мэдлэг, туршлага, амлалт нь хэрэгжих боломжтой эсэхээс илүү хоосон гоё үгэнд нь итгэх, цаашлаад намын харьяалал, нутаг ус, эрх мэдлийг чухалчилж сонголт хийдэг жишиг манай улсад хэдийнэ тогтсон. Нэр дэвшигчийн хоосон амлалт, элдэв бэлэг сэлтэд итгэл үзүүлдэг байдал өнөөдөр ч үйлчилсээр байгаа. Сонгогчийн боловсрол ийнхүү хангалтгүй байдгаас сонгуульд хэрхэн, яаж оролцохоо мэддэггүй. Хууль бус үйл ажиллагаанд автан саналаа худалдах, авлига авах, үзэмжээр сонголт хийх зэрэг сул тал байдаг учраас улстөрчид энэ байдалд тоглолт хийдгийн жишээг С.Эрдэнэ гишүүн бодитоор харуулж орхив. Үнэн хэрэгтээ улс төрчид сонгогчдын боловсролыг дээшлүүлэхээс илүүтэй тархийг нь угаах, төөрөгдүүлэх алхмыг хийж байгаа нь учир мэдэх хүмүүсийг эгдүүг хүргэж буй хэрэг. Ямартай ч өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах таван үндэслэл бий. Үүнд нас барсан, өөр ажилд шилжих шалтгаанаар хүсэлтээ гаргасан, хүндээр өвчилсөн дүгнэлтийг эмнэлгээс гаргасан, Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт гаргасан, УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдсан тохиолдолд чөлөөлөх заалттай. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачйлсан хуулийг УИХ-аас дэмжвэл зургаа дахь нь болж хуульд оруулах юм.
Цөөнхийн бүлгийн дарга ийм хууль санаачилсныг тохиолдол эсвэл ард түмний төлөөх алхам гэж харахад хэцүү. Учир нь, тэр үнэхээр л ард түмнийг бодсон бол төдийгөөс өдий хүртэл улс төрд зүтгэсэн он жилүүдийнхээ ядаж ганцад нь яагаад сонгогчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулсангүй вэ. Үгүй гэх нь ээ, сонгуульд нэр дэвшиж ард түмний итгэлийг олох гэж явахдаа яагаад эд бараа, ахуйн зүйл тарааж, ард түмнийг хуурахыг оролдсон юм бэ гэдэгт хариулт хэрэгтэй болно. Тэгээд ч чөлөөт мандатын зарчимтай улсад парламентын гишүүд нь сонгогчдынхоо захиа даалгаврыг биелүүлэх гол зорилгоо тэгтэл ухамсарлана гэдэг үр дүн муутай. Ямартай ч цөөнхийн бүлгийн дарга өөрийн санаачилсан хуульд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Харин өөрсдөд нь хариуцлага тооцох утга бүхий заалтын шинээр тусгах хуульд УИХ-ын гишүүд хэрхэн хандахыг харах л үлдлээ.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.