Бусад
Гүүр яагаад нурав

Монгол улсад парламентын хямрал нүүрлээд байна. Энэ хямралын эх сурвалж нь улс төрийн намуудын хямрал юм.
Манайд сүүлийн гуч шахуу жил улс төрийн намуудыг шинэчлэх, төлөвшүүлэх тухай ярьж ирсэн боловч энэ нь чухамдаа яг юуг хэлж байгааг ойлгож мэдэх, хэрэгжүүлэх тухай нийгмээрээ хэлэлцэж, мэтгэлцэхгүй явсаар ирлээ.
Төлөвшил биш ээ, инстүүчлэл
Улс төрийн намын инстүүчлэл гэх ойлголтыг Самуэль Хантингтон “Өөрчлөгдөн буй ертөнц дэх улс төрийн дэг” номондоо анх томьёолжээ. Түүний тодорхойлсноор улс төрийн нам системийн хувьд тогтвортой болж, байгууллагын хувьд үнэт зүйлийн нэгдэл болсон тохиолдолд инстүүчлэгдсэнд тооцогдоно. Харин инстүүчлэгдээгүй улс төрийн намууд хэт туйлширсан, тогтворгүй, намууд хоорондын өрсөлдөөн сул, итгэл хүлээхүйц сөрөг хүчин гарч ирдэггүй байна.
Мөн улс төрийн намын инстүүчлэл тодорхой түвшинд хүрсэн орнууд ардчиллаас эргэж буцдаггүй болохыг тогтоожээ. Энэ дүгнэлтийг Английн судлаач Фернандо Касал Бертао 60-аад орны улс төрийн намуудыг инстүүчлэлийн талаас нь судлаж гаргажээ.
Монголд 1990 оноос төрийн эрхийг харьцангуй хоёр том нам нь ээлжлэн болон эвсэн барьж ирсэн боловч Засгийн газар нь нийтдээ 16 удаа солигдсон буюу нэг Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил гэдэг нь улс төрийн намууд инстүүчлэгдээгүйн тод илрэл юм. Мөн манайд гуравдагч хүчний орон зай байгаа ч итгэл хүлээхүйц шинэ нам төрж чадахгүй байна.
Дефакто Институтээс 2018 онд хийсэн “Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс” судалгааны үр дүнд манай улс төрийн намууд хагас инстүүчлэгдсэн гэж гарсан. Ардчилсан нам жишээлбэл үүр болгон нь тусдаа байгуулал шиг үйл ажиллагаа явуулж байна. Тэд харилцан мэдээллээ солилцдоггүй, бүр нууцалдаг. Улс төрийн намууд санхүүгийн тайлангаа ч гаргадаггүй, хуулийн дагуу зарим мэдээллээ вебсайт дээрээ цөөн хоног байрлуулаад буцаагаад авчихдаг. Тэгээд ч монголд улс төрийн намууд тайлангаа гаргах ямар нэг стандарт, загвар байхгүй.
Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсан үедээ засгаа олон дахин сольдог, засаглаж чаддаггүй нам гэж Ардын намынхан шүүмжилдэг. Тэгвэл сүүлийн хэдэн сарын үйл явдлаас харахад 80 жилийн түүхтэй гэх Монгол ардын нам ч бас л адилхан байна. Энэ хоёр нам улс төрийн сөрөг хүчин болох чадвар сул. Иргэн Д.Энхбат “Ардын нам муу байна гэдэг бол Ардчилсан нам ч муу байна гэсэн үг, Ардчилсан нам муу байна гэдэг бол Ардын нам ч муу гэсэн үг” гэж твиттерт онож хэлжээ. Улс төрийн намууд системийн хувьд ч инстүүчлэгдээгүй байна.
Төрийн байгууллага биш ээ, төлөөллийн байгууллага
Ер нь нам гэж чухам юу юм бэ? Нам гэдэг бол улс төрийн эрх мэдэл олж авахын төлөө өөрсдийн үнэт зүйл, бодлогоор нэгдсэн бүлэг хүмүүс. Улс төрийн намын гол үүрэг бол иргэд, төрийг холбосон гүүр байх явдал. Монголын улс төрийн хоёр том нам тодорхой цаг хугацааны хүрээнд тийм гүүр мөн гэж иргэд болон намын гишүүд нь үздэг байсан ч, итгэл үнэмшил нь улам бүр буурч байна. Ер нь иргэд улс төрийн намуудаас хөндийрөх, намуудад дургүйцэх хандлагатай болсоор байна. Үүнд хэд хэдэн шалтгаан бий.
НЭГ, Монголд улс төрийн намуудыг янз бүрийн нэрээр төсвөөс санхүүжүүлэх нь улам их болсоор ирлээ. Улс төрийн намыг төсвөөс санхүүжүүлэх нь нэг талаас улс төрийн авлигыг бууруулах сайн талтай ч, нөгөө талаас намыг иргэний нийгмийн байгууллага биш болгоход түлхэц өгч байна. Өөрөөр хэлбэл гишүүдийн хураамж, иргэдийн хандиваас хамааралгүй болгож байна.
ХОЁР, Намуудын бодит гишүүнчлэл буурч байна. Өмнө нь маш олон гишүүнтэй байсан учраас нам төлөөллийн байгууллага болж чадаж байсан. Одоо манай хоёр том нам тус бүр 150 гаруй мянган гишүүнтэй гэх боловч намын удирдлагын сунгаа явуулахад бодит гишүүдийнх нь тоо арав дахин бага болж байлаа.
ГУРАВ, Намууд орчин цагтаа таарахгүй, гологдож байна. Бүтэц зохион байгуулалт, бодлого, үзэл санаа гээд бүх түвшиндээ хоцрогджээ. Ялангуяа бүтэц зохион байгуулалтын хувьд социалист нийгмийн нэг намтай, тэр нь төрийг орлодог, данхар бүтэц, захиргаадалтын сэтгэлгээнээс салж чадахгүй байна.
Гүүрээ яаж засах вэ?
НЭГ, Монгол улс төрийн намын системээ инстүүчлэхийн тулд улс төрийн тогтолцоогоо дахин харах шаардлагатай боллоо. Хагас Ерөнхийлөгчийн тогтолцоо нь улс төрийн намын инстүүчлэлд сөргөөр нөлөөлдөг болохыг дээр дурдсан Фернандо Касал Бертаогийн судалгаа харуулжээ. Манай үе үеийн Ерөнхийлөгчид фракцын улс төрийг бий болгодог, дэвэргэдэг гол хүчин зүйл нь болдог. Фракцууд намуудыг системийнх нь хувьд нураах алхмуудыг тогтмол хийж ирлээ. Монгол бол уг нь парламентын засаглалтай, Ерөнхийлөгч бол бэлэг тэмдгийн албан тушаал.
ХОЁР, Намуудын дотоод ардчиллыг хөгжүүлэх шаардлагатай байна. Сүүлийн хэдэн жилд УИХ-ын чуулган эхлэх болгонд хэлэлцэх асуудлуудын жагсаалтад ордог ч, хэзээ ч хэлэлцдэггүй нэг хууль бол Улс төрийн намын тухай хууль. Шалтгаан нь их энгийн. Энэ хуулийг хэлэлцэж чадахгүй хэмжээнд ортлоо улс төрийн намууд маань олигархи бүлэглэлийнхээ барьцаанд орчихоод байна. Уг нь энэ хуулийг яаралтай батлах, батлахдаа улс төрийн намыг иргэдтэй илүү ойртож ажиллах, зохион байгуулалтын хувьд уян хатан, цомхон бүтэц рүү шилжүүлэх хэрэгтэй юм. Ингэхдээ гишүүдийн оролцоо, өрсөлдөөн, ил тод байх, тайлагнах зэрэг намын дотоод ардчиллын гол функцуудыг тодорхой тусгах хэрэгтэй. Манайд 20 жилийн турш дарга нь ганц ч солигдоогүй нам хүртэл бий.
ГУРАВ, Иргэний нийгмийг бүрдүүлж, төлөвшүүлэх хэрэгтэй байна. Чехийн судлаач Михайл Клима “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал” номондоо пост коммунист орнуудад улс төрийн намууд дээрээсээ, бас доороосоо иргэдэд биш санхүүжүүлэгч эзэддээ эзлэгдэж, улс төрийн клиентелист тогтолцоо бий болсныг тод бичжээ. Үндсэн шалтгаан нь иргэний нийгэм бүрдээгүй, төлөвшөөгүйтэй холбоотой гэж тэр дүгнэсэн. Намууд нь улс төрийн тогтолцооны дэд системийн хувьд иргэний нийгэм, чөлөөт хэвлэл зэрэг бусад системүүдтэйгээ харилцан уялдаатай учир, өөрөө дангаараа шинэчлэгдэх боломжгүй.
У.Черчиль “ардчилал бол хамгийн муу систем гэхдээ үүнээс дээрийг хүн төрөлхтөн хараахан олоогүй байна” гэж хэлсэн шиг улс төрийн намууд муу, гэхдээ улс төрийн намгүй ардчилал гэж байдаггүй. Тиймээс улс төрийн намын тогтолцоогоо яаж инстүүчлэх вэ, яаж тогтвортой, цомхон систем болгох вэ гэдэг л монголчууд бидний өмнө тулгараад буй түүхэн сорилт болж байна.
Энэ сорилтыг бид ялж давахгүйгээр улс орноо хөгжүүлэх боломжгүй юм аа.
Д.Жаргалсайхан

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.