Спорт
Голомт хээр

Морь гүйгээд ээ гэж хэн нэгэн ярих, морь гүйлгээд ээ гэж эрлийн хүн буух, морь гүйж ирээд ээ гэж эзэн хүн бахдах тийм л хөдөө өссөнсөн… Хүлэг нь бүү хэл хүн нь гүйж ирэхээргүй дорой ухамсарт энэ цаг үе дор нутаг гүйж яваа хоёр морины тухай бичлэг цацагдаад нэлээд удлаа. Бас зүрхийг булиглууллаа. Адуу гүйхүйн тухайд бодохуй адгуус амьтаны сэтгэл зүйн асар том сэрэл мэдрэмж гэж ухдаг даа. Зуны эхэн сарын шинийн есний дашнямтай өдөр дор. Хээр морь хүслээ гүйцээж харьж очсон өдөр байлаа. Төрсөн нутгаасаа холдон өөр нутагт хүрсэн адуу төрөлх нутагтаа заавал өөрөө буцаж ирдэг. Энэ нь зөвхөн монгол адуунд л байдаг нэгэн онцлог шинж хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгаадаг.
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүрэхээр хээр морь, Өвөрхангай аймгийн Зүүнбаянулаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр сартай хүрэн морь зам нийлэн зуу, зуун километр замыг туулсаар Уулбаян сумын хээр морь төрөлх нутагтаа ижил олон сүрэгтээ эсэн мэнд гүйж ирлээ. “Монгол морины гайхамшиг” Голомт хээр морь унаган нутаг, унаган эзэндээ ирлээ. Говь-Алтай аймгийн Баян-уул сумаас эх нутаг болох Сүхбаатар сумын Уулбаян сум хүртэл мянга гаран километр хөлийн хөндүүр зовиурыг эс анзааран дэрэлзтэл хатирсаар Голомт хээр нутагтаа ирлээ. Унаган эзэн Амаржаргалын Цэрэнням нүдэндээ нулимстай, гартаа алд цэнхэр хадагтай хүлгээ угтан авлаа.
Хол аймгуудад зарагдсан хоёр адуу төрсөн нутгаа үгүйлэн гурвантаа гүйсэн учир аргагүйн эрхэнд нутагт нь буцаасан нь энэ аж. Худаг дээр ус уусан ч зүүн зүгт харж нулимс бөмбөрүүлэн зогсож, аргамжаатай эрэгцэж зогсохдоо зөвхөн зүүн талынхаа өвсийг идэж гадасны нөгөө талд гардаггүй байсан тухай адуучны яриа аньсага чийгтүүлэв. Нутагтаа ирж сэтгэл нь амарч зогсоогоороо унтах адуу, уудаг ус унаган ижил сүрэгтээ ирж баярлаж буй адуу Самсаа шархирч сэтгэл догдолсон агшин байлаа.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.