Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “976 Mongolian Throwdown 2022” кроссфитийн нээлттэй тэмцээн болно. Энэ спортыг олон нийтэд таниулж, тамирчдыг чансааг ахиулах нь тэмцээний зорилго юм байна.
Тэмцээнд Монголын кроссфитийн шилдэг 50 тамирчин оролцож, эрэгтэй RX, эмэгтэй RX, эрэгтэй 35+ RX гэсэн үндсэн гурван ангилалд өрсөлдөнө. Мөн урилгаар олон улсын тамирчид оролцох аж.
Энэ сарын 18-нд болох уг үйл ажиллагааг олон улсын жишгээр задгай талбайд зохион байгуулж байгаагаараа онцлог аж. Цар тахлаас өмнө уг тэмцээнийг 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үргэлж Бэлэн Бай 5.11 Challenge” нэртэйгээр зохион байгуулжээ.
Тухайн үед онцгой чиг үүргийн байгууллагууд, спорт хороод, фитнесс клубын 80 гаруй тамирчин оролцож, чансаагаа шалгасан байна. Тэгвэл хоёр жилийн дараа зохион байгуулж буй “976 Mongolian Throwdown 2022” кроссфитийн нээлттэй тэмцээн нь нийтийн эрүүл мэнд, зөв амьдралын хэв маягийг бий болгох, кроссфитийн спортыг нийтэд түгээх, мөн тив, дэлхий, бүсийн чанартай тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцох тамирчдыг бэлтгэх зэрэг олон давуу талтай юм.