Улс төр
УИХ-ын гишүүдийн олны шүүмжлэлд өртсөн “ишлэлүүд”-ээс

Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар байнгын ажиллагаатай парламентын засаглалтай болсон. Ийм учраас өнгөрсөн 30 жилд УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, х ийсэн үйлдэл ямагт олны анхаарлын төвд байсаар ирсэн. Цаашдаа ч байх болно. Иргэд дөрвөн жилийн хугацаатай ажиллаж ирсэн УИХ, түүний гишүүдэд дүн тавьж байдаг билээ. Ингээд өнөөгийн УИХ-ыг 1992 оноос хойшх хамгийн муу нь хэмээн дүгнэж байна. Тодруулбал “Улс орны нийгэм, эдийн засгийн байдал өдрөөс өдөрт доройтож хямарч байхад энэ талаар нэг ч үг дуугардаг УИХ-ын гишүүн алга. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтээр ковид цар тахал дэгдэж улс орнууд хилээ хаасан. Үүнээс улбаалж дэлхийн эдийн засгийн бүхий л салбар бүхэлдээ уруудан доройтсон. Өнөөдөр ч ковид цар тахлын аюул бүр мөсөн арилаагүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний татан авалт, хил гаалийн асуудал бүрэн төгс шийдэгдээгүй байна. Үүний зэрэгцээ Орос, Укрианы зэвсэг зөрүүлсэн явдал эдийн засагт нэрмээс боллоо. Хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж инфляц 15 хувьд хүрчихлээ. Мөдхөн 20 хувьд хүрч мэдэх нь. Үүний улмаас зарим иргэд мах, төмс, гурилаа граммаар авч гол зогоож эхэлсэн. Нөхцөл байдал ийн хүндэрч иргэдийн амьжиргаа хэцүүдэж байхад түүнийг олж харахгүй байна. Асуудлын гол, чухлыг онилж шийдвэр гаргах, үг хэлэх чадамж алга. Үндсэн хуулийг өөрсдөдөө тохируулан өөрчилж гишүүдийн тоог нэмэх, дахин сонгогдох арга зам эрэлхийлж эхэллээ. Монгол бол мал аж ахуйн орон. Гэтэл хүнсэнд хэрэглэж буй мах нь аюултай эсэх нь эргэлзээтэй боллоо. Энэ улс оронд эзэн байна уу. Иргэдээ бодсон төр бий юу” гэсэн шүүмжлэл удаа дараа гарч байна.
Дэлхий нийтийг цочроож, сөхрүүлсэн ковид цар тахал дэгдэж байх үеэс энэ УИХ-ын үйл ажиллагаа эхэлсэн. Гэтэл анхнаасаа л жирийн тайван үе шиг “дээлийн өнгө, архины савлагаа” яриад эхэлсэн нь иргэдэд таалагдаагүй. Эдүгээ ч улс орны нийгэм эдийн засгийн тулгамдсан олон асуудал байхад аар саархан зүйл ярьлаа хэмээн шүүмжлэлд өртөж буй УИХ-ын гишүүн ч цөөнгүй. Тухайлбал, гурван тэрбум ам.доллараар тулгуурт замтай метро барина, тойргынхоо зарим гудамжны явган хүний болон авто замыг заслаа хэмээн зураг хөрөг тавьж буй гишүүд ч бий. Энэ бүгд нь “УИХ-ын гишүүний ажлаа хийсэнгүй, байг нь байтугай банзанд нь ч оносон шийдвэр гаргахгүй юм байна. Юу ч хүлээгээд нэмэргүй” гэсэн шүүмжлэл өөрийн эрхгүй төрүүлж буй билээ. Харин УИХ-ын гишүүнийг шүүмжиллээ гэж шүүх, цагдаагийн хаалга татсан, иргэд сонгогчдодоо гомдсон гишүүдийн тухай яриа мэдээлэл ч олон нийтийн сүлжээнд явж байдаг нь нууц биш.
Ингээд УИХ-ын зарим гишүүний хэлсэн үг, олны шүүмжлэлд өртсөн ишлэлүүдээс хүргэе.
Гадаадын иргэн 50 мянган ам.долларын хөрөнгө оруулбал гэр бүлээрээ оршин суух виз олгоё
УИХ-ын нэр бүхий дөрвөн шинэ гишүүн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж олон нийтийн бухимдал дургүйцлийг төрүүлээд авсан удаатай.
Тэд угтаа эрхээ л гүйцэлдүүлсэн төдий. УИХ-ын 76 гишүүн бүр хууль санаачлах эрхтэй. Гагцхүү тэр санаачилсан хуульд нь асуудлын гол нь байсан учраас УИХ-аар хэлэлцэхгүй болсон билээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэхүү хуулийг санаачлагчийн хувиар бүх галыг өөр дээрээ авсан ч “Би энэ хуулийг санаачилсныхаа төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй” хэмээн зүтгэсэн. Харин тус хуулийн төсөлд гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин хоёр “Бидний гарын үсэг зурсан хуулийн төслийн зүйл заалтыг өөрчилсөн байна” гээд асуудал намжсан. Уг хуульд оруулахаар санаачилсан, иргэдийн бухимдлыг төрүүлсэн заалт нь “Гадаадын иргэн 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулж ирсэн тохиолдолд байнга оршин суух визийг гэр бүлийн гишүүдийн хамт авах эрхтэй” гэсэн байв. Тус заалтыг өмгөөлөгч Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд нар “Юун цагаачид орж ирэх, юм яриад байгаа юм бэ. Энэ хуулийг батлачихаар л хятадууд ороод ирнэ гэж хачин юм ярьдгаа больцгоо. Ийм зүйл парламент дээр ярих юм бол энэ улс чинь хөгжихгүй шүү” гэж сүрдүүлэх, омогдохын завсарт бухимдацгаасан билээ.
М.Оюунчимэг гишүүн ажлаа тултал нь хийж байгаагаа зарлав
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг дуугарах бүрдээ буруудаж, шүүмжлэлд өртдөг. Тэрбээр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг чуулганы танхимд баахан загнаж, дайрч давшилсан бол сүүлийн үед ярьдаг ганц сэдэвтэй болсон. Энэ нь жорлон юм. Тиймдээ ч УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг “Хэмнэлт ярьж байхад айлын жорлон руу орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Популист гэхэд арай хэтэрнэ шүү. Айл өрхийн цэвэрлэх байгууламжийг жорлон гэж ойлгож болохгүй шүү” гэхэв дээ. Мөн бусад гишүүдэд “Тэмээ гэхээр ямаа гээд жорлон яриад байх юм” хэмээн зэмлүүлсэн удаатай. Харин М.Оюунчимэг гишүүн өөрийгөө хангалттай сайн ажиллаж байгаа гэдэгт дэндүү итгэлтэй байдаг бололтой. Тэрбээр “Өөрийнхөө тухайд хэлэхэд үндсэн ажлаа тултал хийж байна. Зарим гишүүд маань хүртэл ядардаггүй юм уу. Яасан ч эрч хүчтэй сэнтэг юм бэ гээд байгаа шүү дээ” хэмээн жиргэжээ. Харин гишүүний хувьд ажлаа тултал хийж байгаа нь үнэний ортой байж болох ч “бай”-гаа онож буй эсэх нь эргэлзээтэй.
Төрийн албан хаагчдын илүүдэл жинг төсвийн мөнгөөр хасая
УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хэлсэн үг олон нийтийг цочирдуулав. Тэрбээр, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж “Би танд бичиг явуулаад одоо ямар ч хариу алга. Завхан аймгийн бүх төрийн албан хаагчид илүүдэл жингээсээ салъя. Наадам хүртэл гурван сарын хугацаанд шим тэжээл судлаачдыг аваачаад зөв зохистой хооллолт заалгаж, илүүдэл жингээсээ салаад яаж эрүүлждэгийг ард иргэддээ харуулж үлгэр дуурайлал болоод явъя гэсэн. Өнөөдөр үүнд зарцуулах нэг төгрөг нь ирээдүйд хавдраар өвчлөхөд зарцуулахаас хамаагүй илүү үр дүнтэй ажил. Ийм байхад хэдэн тэрбумаар нь хавдарт зориулчихсан мөнгөнөөс 70,80-хан сая төгрөгийг 78 мянган хүнтэй аймагт хуваарилж чадахгүй л байгаа байхгүй юу” гэв. УИХ-ын гишүүдийг элдэв байлай юм ярилаа гэж шүүмжилдэг. Гэхдээ арай ч төрийн албан хаагчдынхаа гэдэс, гүзээг хасах, хоол ундыг нь тааруулах, зааж өгөхөд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулъя гэдэг зүйл яригдаж байсангүй. Өнөөдөр турах бараг бүх нийтийн хувийн асуудал болсон ч, төр үүнд нь татварын мөнгийг үрэн таран хийж оролцох ёстой гэдэг асуудал тавьж байгаа нь харамсалтай.
Цар тахлаас илүүтэй бурханы хөшөөнд санаа зовогч
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нэр бүхий гишүүдийн хамт Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах Тасганы овоо дээр 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхова” төслийг хэрэгжүүлэхээр санаачилсан байдаг. Өнөөдөр төсвийн хэмнэлтийг амтай бүхэн ярьж байхад дээрх хэмжээний мөнгөөр бурхны хөшөө барихаар хамгийн их зүтгэсэн гишүүн бол тэр. Тэрбээр “Цар тахлын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна. Ирэх оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наяд, их наядаар нь төсөв тавилаа шүү дээ. Үүнийг сайн анхаарах ёстой. Яг хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадаж байна уу. Эрүүл мэндийн салбарт хангалттай төсөв тусгалаа. Бидний амьдрал үргэлжилж байна. Цар тахлын хажуугаар жуулчид ирээд юу үзэж, харах уу. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйлээ бүтээх ёстой биз дээ. Энэ том төсөл явах ёстой гэж харж байгаа. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Бид өвдөж зовохоороо ганданд очдог, хурим найраа хийсэн ч Жанрайсаг бурхандаа мөргөөд гардаг. Харин ч хятад компанид зарагдсан байсан газарт “Богд Зонхова” цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Өнөөдөр зураг төсөл нь баталгаажсаны дараа 32 тэрбум төгрөгийн төсөв гарч ирлээ. Би цогцолборын барилгыг барьж эхэлснийг мэдэхгүй. Хандиваар цугларсан мөнгөөр л барилгын ажлыг эхлүүлсэн гэж ойлгож байгаа. Одоо тендерийг нь зарлаж, компани нь шалгарахаар хариуцаж байгаа албаныхан шийдвэрлэх байх. Би тойрогтоо анхаарах ажил ихтэй хүн ” гэж бухимдав.
Амьдралаас хэт хол тасрагч УИХ-ын гишүүн
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хэвлэлд өчигдөр /2022.06.06/ өгсөн ярилцлага олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал “Машин унаад хөдөө гараад давхихаас илүү жижиг оврын онгоцоор явах боломж бололцоо бидэнд бүгдэд нь бий. Манайд нилээн олон жижиг оврын онгоц бий болчихсон. Үнэ нь ч боломжийн. Бүгд майхан, сав шанагаа аваад хээрийн аялал жуулчлал хийхээс илүү аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох нь чухал юм байна гэж бодож байгаа. Приустэй хүмүүс байгаль орчин бохирдуулаад, хогоо хаяаад байдаг ” хэмээн ярьсан байдаг. Бодит байдал дээр монголчууд УИХ-ын гишүүд шиг онгоц хөлөглөж зугаалтлаа баяжаагүйг үнэхээр мэдэхгүй байна уу. Жирийн иргэдийн амьдралаас хэт хол тасарчихсан уу гэсэн асуулт эндээс урган гарна.
Тэтгэвэр бол төрөөс ахмадуудад үзүүлж буй тус дэм гэж боддог
УИХ-ын ээлжит бус чуулганаар /2022-01-28/ ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Тэтгэвэр гэдэг бол орлого, цалин биш. Ер нь улс орныхоо төлөө зүтгэсэн гар хөлөө хөдөлгөсөн ажилласан ахмадуудаа Монгол Улсын төрөөс харж байгаа тус дэм гэж ойлгож байгаа ” гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргээд авсан. Угтаа бол тэтгэвэр гэдэг төрөөс өгч буй тус дэм биш тухайн иргэн насаараа ажиллаж, хөдөлмөрлөх насандаа төлсөн НДШ-ийн хуримтлалаа тэтгэврээр буцааж авч байгаа хэлбэр юм. Энэ мэтчилэн “мэдлэггүй” гишүүдийг эхнээс эгүүлэн татвал таарна гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд хөвөрч байв.
Ерөнхийлөгчийн айлчлалын “гэрч” гишүүн
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Шинээр бичигдэх 100 жилийн түүхийг эхлүүлэх торгон агшинг мөнхлөх айлчлалын гэрч нь болж байгаад баяртай байна” гээд сельфидсэн зургаа цахим хуудсатаа нийтлэсэн нь ихэд шүүмжлүүлэл дагуулсан билээ. Төрийн айлчлал нарийн дэг жаягтай. Айлчлалын үеэр төрийн түшээдийн үг, үйлдэл бүхэн чухал. Ийм учраас түүний энэ үйлдэл яавч албан ёсны айлчлалын үеэр байж боломгүй асуудал.
Энэ мэтчилэн УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, үйлдэл нь олны шүүмжлэл дагуулсан явдал олон. Цаашид ч гарах л биз. Хамгийн гол нь “Намайг гүжирдсэн. Миний үгийг мушгин гуйвуулсан. Нэр төрд халдсан учраас хуулийн байгууллагад хандсан” гэх зэргээр тайлбар хийх нь чухал биш. Би “Ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэнэ” хэмээн сонгогчихоод тэс өөр хандлага гаргах нь зохисгүй. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын гишүүн нь аль аймаг, сум, хэддүгээр тойргоос сонгогдсон нь ч сонин биш. Эрхэм гишүүд та бүхний хэлсэн үг, гаргасан үйлдэл ямагт олны анхаарлын төвд байдаг. Монгол Улсын эрх ашиг, цаашлаад Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдгийг сануулах нь илүүц биз дээ.

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм16 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм17 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо