Нийгэм
Улсын Ерөнхий прокурорын газраас “ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ” сургалтыг амжилттай зохион байгууллаа
Улсын Ерөнхий прокурорын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ” сургалт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан аливаа хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудлын хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах зорилготой энэхүү сургалт нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд давхардсан тоогоор 60 орчим сэтгүүлч хамрагдаад байна.
Энэ удаагийн сургалтыг Тээврийн прокурорын газартай хамтран “Хүүхдийн эрх” сэдвийн хүрээнд зохион байгуулсан ба Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Эрдэмбилэг, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор А.Золзаяа, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Алтанцэцэг, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Чагдар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзориг болон Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Оюун-Эрдэнэ, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат, Хүний Эрхийн Үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол хариуцсан ахлах референт Х.Цэцгээ нар сургалт хийлээ.
Тодруулбал, “Хүүхэд хамгаалал ба Зам тээврийн ослын статистик үзүүлэлт, урьдчилан сэргийлэх арга зам”, “Цахилгаан дугуйны /Sur-Ron/ техник үзүүлэлт, эрх зүйн орчин”, “Хүүхдийн эрх ба Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо”, “Бүхий л эрсдэлээс хамгаалуулах эрх ба Хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон байдал”, “Хүчирхийллээс хамгаалуулах эрх ба Хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал”, “Итгэл үнэмшилтэй байх эрх ба Шашны байгууллагууд”, “Замын хөдөлгөөнд оролцогч нарт анхаарах асуудал” гэсэн сэдвүүдээр хичээл зааж, санал солилцсон юм. Мөн Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудай тус прокурорын газрын чиг үүрэг, онцлогийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа танилцууллаа.
Нийгэм
“Сүүн дархлаа” төсөлд 19300 хүүхдийг хамруулж байна
Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор нийслэл болон дүүргийн санхүүжилтээр “Сүүн дархлаа” зорилтот төслийг нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуульд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 19300 суралцагчийг хамруулан 7 хоногийн 2-3 өдөрт тогтмол сүү өгч эхэллээ.
Ингэснээр хүүхдийн бие махбодын дархлаа, эд эс, ясны хэвийн өсөлт хөгжилтийг дэмжин, тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах ач холбогдолтой юм.
Төслийг хэрэгжүүлснээр суралцагчийн дархлаа сайжирч, сурах идэвх нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн тандалт судалгааг хийж, цаашид төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох аж.
Түүнчлэн хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурах ач холбогдолтой.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болно гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Нийгэм
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй.
Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй.
Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.
Нийгэм
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг 2024 оны долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.
Тус дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох болсонтой холбогдуулан гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Дуурийн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, гол дүрд тоглох эрх олгохын зэрэгцээ нийт 100.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.
Шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн баталсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд оролцогчдыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт бүртгэнэ.