Бусад
СЕХ: Нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авлаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өглөө.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар болон Ажлын хэсэг нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авлаа. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлж, амжилт хүсэв.
Нам, эвслийн удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм.
2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам /АН/, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/, Монгол Консерватив нам /МКН/, Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/, Монголын Социал Демократ Нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам (ДМН), Ард түмний хүч нам, Эх Орон нам, Монгол Ардын нам /МАН/, Хөгжлийн хөтөлбөр нам, Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/, Монгол шинэчлэлт нам /МШН/-ын удирдлагууд хүсэлтээ өгөв.
Зүй ёс нам Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохгүй тухайгаа мэдэгдлээ.
2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн.
2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.