Спорт
Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орлоо
МҮБХ-ноос барилдааны дүрэмд зарим өөрчлөлтүүдийг хийлээ.
“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5-д заасан “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, 5-с дээших даваа 20 минут байна” гэж заасныг “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. 5-с дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” өөрчлөлтийг орууллаа.
Мөн өмсгөлийн шаардлагыг дараах байдлаар баталсан байна.
Үүнд:
1. Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,
2. Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,
3. Элэг бүсний голч 1.5 см-ээс багагүй байна,
4. Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,
5. Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),
6. Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,
7. Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),
8. Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,
9. Шуудагны уяаны голч 0.8 см-ээс багагүй байх,
10. Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байх зэргээр өмсгөлийн хэм хэмжээг тогтоосон. Уг шаардлагыг МҮБХ-ноос албан ёсоор томилсон өмсгөл шалгагч нар тав, зургаадугаар сард зохион байгуулсан барилдаануудад тогтмол шалгаж, зөрчилтэй өмсгөлийг солиулж, засуулсан бөгөөд өмсгөл шалгагч нараас ихэнх бөхчүүдийн өмсгөлд буй барилдаанд нөлөөлөхгүй байдлыг харгалзан зарим оёдлыг өөрчлөх санал ирүүлсэн.
Үүнд:
1. Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй, 19 хүртэл ширээстэй байх,
2. Шуудагны ширээс долоо байх гэсэн хүсэлт ирснийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн зургаадугаар сарын 17-ны хурлаар хэлэлцээд зодогны ширээсийг урьд заасан ёсоор 8 см хүртэл өргөнтэй, 17 хүртэл ширээстэй байх, харин шуудагны ширээсийг 5-7 байж болохоор шийдвэрлэв.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.