Нийгэм
ЗХУ-ын сансрын нисэгчид Монгол эмэгтэй нисэгчийг бэлтгэхэд бүх талаар дэмжинэ гэв
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай сансрын хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирсэн ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин нарыг болон Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчааг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр тэрээр хамтарсан сансрын нислэгийн түүхт 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосон ч дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас төдийлөн өргөн хүрээнд тэмдэглэж чадаагүй бөгөөд тус ойн хүрээнд төлөвлөгдсөн зарим ажил, арга хэмжээг энэ жил зохион байгуулж байгааг дурдав. Мөн тус хамтарсан сансрын нислэг нь Монгол Улс, ОХУ хоорондын харилцааны түүхэнд томоохон ул мөрийг үлдээсэн үйл явдал болохыг онцоллоо.
Сансрын нисэгч В.А.Жанибеков Монгол Улсын төр, засаг, тэр дундаа Батлан хамгаалах яам сансрын хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байгааг онцолсны зэрэгцээ халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлсэн юм. Мөн дараагийн хамтарсан нислэгийг зохион байгуулах, тэр дундаа монгол эмэгтэй нисэгчийг бэлтгэн нисгэхийг бүх талаар дэмжиж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцахаа сансрын нисэгч В.А.Жанибеков, В.П.Савиных нар илэрхийлэв.
Нийгэм
“Сүүн дархлаа” төсөлд 19300 хүүхдийг хамруулж байна
Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор нийслэл болон дүүргийн санхүүжилтээр “Сүүн дархлаа” зорилтот төслийг нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуульд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 19300 суралцагчийг хамруулан 7 хоногийн 2-3 өдөрт тогтмол сүү өгч эхэллээ.
Ингэснээр хүүхдийн бие махбодын дархлаа, эд эс, ясны хэвийн өсөлт хөгжилтийг дэмжин, тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах ач холбогдолтой юм.
Төслийг хэрэгжүүлснээр суралцагчийн дархлаа сайжирч, сурах идэвх нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн тандалт судалгааг хийж, цаашид төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох аж.
Түүнчлэн хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурах ач холбогдолтой.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болно гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Нийгэм
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй.
Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй.
Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.
Нийгэм
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг 2024 оны долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.
Тус дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох болсонтой холбогдуулан гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Дуурийн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, гол дүрд тоглох эрх олгохын зэрэгцээ нийт 100.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.
Шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн баталсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд оролцогчдыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт бүртгэнэ.