Спорт
Өвөрхангай аймаг спортын баг, тамирчдаа алдаршуулав
Өвөрхангай аймгийн ИТХ, Засаг даргаас биеийн тамир, спортыг хөгжүүлэх, спортын холбоо, хороодыг дэмжихэд багагүй анхаарч ажилладаг. Энэ хүрээнд томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, аймгийнхаа нэрийг өндөрт өргөсөн баг, тамирчдыг жил бүр шагнан урамшуулдаг уламжлалтай.
Монголын тамирчдын болон Олимпын өдрийг тохиолдуулан өчигдөр шилдэг баг, тамирчдадаа шагналыг гардуулах, аймгийн спортын холбоодыг танилцуулан алдаршуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Арвайхээр хотын Аюуш баатрын талбайд зохион байгуулжээ.
Б.Ганбат тэргүүнтэй “Авзагын хүчтэн” үндэсний бөхийн холбоо, О.Азжаргал тэргүүнтэй Авто спортын холбоо, Р.Намгилрагчаа тэргүүнтэй “Алтан аргай” шагайн холбоо, И.Доржсүрэн тэргүүнтэй Бадминтоны холбоо, н.Ганбат тэргүүнтэй Нийтийн бүжгийн спортын холбоо, О.Батжаргал тэргүүнтэй Гранд гольфийн холбоо, Ё.Сүхбаатар тэргүүнтэй Дартсын холбоо, Ч.Оюунсүрэн тэргүүнтэй Монголын мастеруудын Өвөрхангай аймаг дахь салбар хороо, О.Түвшинтөгс тэргүүнтэй Пауэрлифтинг, Бодибилдинг, Фитнесийн нэгдсэн холбоо, А.Сумьяа тэргүүнтэй Сагсан бөмбөгийн холбоо, Г.Мөнхтөр тэргүүнтэй Таеквондогийн холбоо, Х.Түвшинсайхан тэргүүнтэй Хөл бөмбөгийн холбоо, А.Дэмбэрэлдорж тэргүүнтэй Хүндийг өргөлтийн холбоо, Г.Дэлгэрмандах тэргүүнтэй Үндэсний сурын холбоо, Б.Мөнхжаргал тэргүүнтэй Чөлөөт бөхийн холбоо, О.Сумьяасүрэн тэргүүнтэй Ширээний теннисний холбоо, А.Ишдорж тэргүүтэй Шатрын холбоо тус арга хэмжээнд оролцлоо.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.