Спорт
Олон улсын хоккейчдын нөхөрсөг тоглолт Степпе Аренад болно
Цар тахлын улмаас удаан хүлээлгэсний эцэст “Friendship Cup Mongolia-2022” нөхөрсөг тоглолт Степпе Арена-Мөсөн өргөөд ирэх сарын 5-ны өдөр зохион байгуулагдахаар боллоо. Нөхөрсөг тоглолтод олон улсын холимог баг болон Монголын баг оролцох юм байна.
Ахмад хоккейчдын энэхүү тоглолт үзэгч фэнүүддээ үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд Монголын багт Ерөнхий сайдын албыг хашиж байсан зэрэг олны танил хүмүүс тоглох аж. Долдугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт шайб хаяж тоглолтыг эхлүүлнэ. Уг тэмцээнийг хоккейгоороо дэлхийд алдартай Канад улсаас Монгол Улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Кэтрин Ивкоф нарын дипломат албаны хүмүүс хөгжөөн дэмжихээр хүрэлцэн ирэх аж.
Ийнхүү Степпе Арена-Талын дэвжээнд олон орны томчуудын анхны хоккейн тоглолт болж байгаа нь Монголын хоккейчдэд дэлхийн дэвжээ ойртож буйн илрэл гэж мэргэжлийнхэн ярьж байна. Мөн дам сонсоход ирэх жил Монголын Степпе Аренад Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж магадгүй байна.
Жич:
- Үзэгч та бүхэн тоглолт эхлэхээс 15 минутын өмнө суудлаа эзлэхийг зохион байгуулагчдын зүгээс зөвлөж байна.
- Мөсөн өргөөний доторх агаарын хэм суудлын эгнээний байрлалаас хамаарч +5-аас +15 хэм учраас хувцсаа тохируулж өмсөнө үү.
- Дэлгэрэнгүй мэдээллийг 77771666, www.steppearena.mn -ээс аваарай.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.