Улс төр
Төмөр замын шинэ гарц Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замын төслийн ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцлоо. Монгол Улс 1956 оны нэгдүгээр сарын 1-нд Замын-Үүдээр БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож байсан бол 60 гаруй жилийн дараа хоёр улсын хооронд төмөр замын дахин нэг шинэ гарц бий болох эхлэл тавигдаж байна. Энэхүү Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр зам нь 415 км урт, бүтээн байгуулалтын ажил Бичигт хилийн боомтын төмөр замаас эхэлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зүүн босоо тэнхлэгийн Үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Нэг үгээр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм. Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэгдэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ. Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдож, зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын 5 гарцтай болж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварын үзүүлэлт хоёр дахин нэмэгдэнэ” гэлээ.
Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 3-р сарын 16-ны өдрийн 116-р тогтоолоор Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигтийн төмөр замын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой төслийн тусгай зориулалтын компани байгуулж энэ компанид хөрөнгө оруулж ажиллах гадаад, дотоодын хуулийн этгээдийг сонгон хамтран ажиллахаар тусгасан. Үүний дагуу “Монголын төмөр зам” ТӨХК нь Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран хэрэгжүүлнэ. Япон Улсын “Nippon koei” компани техникийн зөвлөхөөр сонгогдож Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсангийн төмөр замын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, техникийн зураг төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд зөвхөн боомтуудыг дэд бүтцээр холбох биш, цогцоор нь олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, боомт түшиглэсэн дагуул хотуудыг байгуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Бичигтийн боомтыг олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын загвар боомт болгохоор төлөвлөж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг 2 жилийн дотор дуусгахаар зорьж байна. Харин төмөр замын ажлыг 3-5 жилийн дотор гүйцэтгэх юм. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь Зүүн бүс нутагт боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс, хот бий болох суурь нөхцлийг бүрдүүлж, 800 орчим ажлын байр шинээр бий болж, жилд ойролцоогоор 12 сая тонн дотоодын ачаа тээвэрлэх боломж бүрдүүлэхээс гадна эрчим хүч, аж үйлдвэрийн парк, аялал жуулчлал, худалдааны салбарын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, зүүн бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавина.” гэж онцоллоо.
Бичигт боомтыг одоогоос 30 жилийн өмнө буюу 1992 оны 7-р сарын 2-нд анх нээж байсан бол өнөөдөр ийнхүү 30 жилийн дараа боомтыг олон улсын жишигт хүргэх, Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр зам тавих их бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр8 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр8 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа