Спорт
Анхны олон улсын хоккейн тэмцээнд манай баг ялалт байгуулав
Буянт-Ухаа дахь “Степпа Арена” Мөсөн өргөөнд 2022 оны долдугаар сарын 5-нд анхны олон улсын нөхөрсөг уулзалт “Friendship Cup Mongolia-2022” тэмцээн болов.
Тэмцээнд гадаадын тамирчдаас бүрдсэн холимог баг, Монголын мастерс ангилалын багтай ур чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээний нээлтэд дэлхийд хоккейн спортын хөгжлөөрөө алдартай Канад улсаас Монгол Улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Кэтрин Ивкоф, “Степпа арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан нар оролцон тоглолтын шайбыг хоёр багийн дунд хаяж, тоглолтыг эхлүүлсэн. Мөн гадаадын дипломат албаны төлөөлөгчид энэхүү тэмцээнийг үзэж сонирхсон юм.
Монголын багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нарын зэрэг олны танил хүмүүс оролцож тоглов.
Ийнхүү Степпе Арена-Талын дэвжээнд болсон анхны олон улсын хоккейн нөхөрсөг уулзалт тэмцээнд хоёр баг үндсэн цагт 4:4-өөр тэнцэн, буллит цохилтоор Монголын баг 6:5-аар хожиж, дурсгалын медаль хүртлээ. Энэхүү нөхөрсөг тоглолтын дараа Монголын өсвөрийн хоккейчдын үзүүлэх тоглолтоо толилуулсан юм.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.