Спорт
Гадаадынхан бидний тухай ”МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БАЯР НААДАМ”
https://anydaylife.com/ Долдугаар сарын 11-нд Монголчууд хувьсгалын өдрөө тэмдэглэж үндэсний их баяр Наадмаа хийдэг. Энэ баяр долдугаар сарын 11-нээс 13-ныг хүртэл гурав хоног үргэлжилнэ. Наадмаар эрийн гурван наадам хэмээн үндэсний бөх, хурдан морины уралдаан, нум сумын харваа болдог.
Зуны дунд сард тэмдэглэдэг энэ наадмаа монголчууд нийслэлийнхээ төв цэнгэлдэх хүрээлэнд бүжигчид, дуучид, жүжигчдээс гадна барилдах бөхчүүд, хурдан морьд нь оролцсон гоёмсог ёслолоор эхэлдэг.
“Наадам”-ыг анх эрт цагт монголын цэрэг дайчид хурдан морь унаж, нум сум харваж, бяр чадалтай байхад зориулан бэлтгэл хийдэг байснаас үүдэлтэй гэж үздэг. Энэ нь аажимдаа эрчүүдийн авхаалж самбаа ур чадвар, бяр чадлыг шалгадаг тэмцээн уралдаантай баяр ёслол болон хувирч олон зууны туршид үргэлжилсээр ард түмний дунд түгэн дэлгэрчээ.
Өнгөрсөн ХХ зууны эхнээс монголчууд үндэсний баяр Наадмаа 1921 онд монголд хятадын эсрэг бослого гарч, тусгаар тогтнолоо тунхагласан өдрөөр буюу долдугаар сарын 11-нд тэмдэглэх болсон байна.
Эрийн гурван наадмын гол үзүүлбэрийн эхнийх нь үндэсний бөх. Энэ бол гурван настнаас эхлэн ахмад өвгөцүүл ч оролцдог, нас харгалздаггүй монголд хамгийн ихэд дэлгэрсэн спорт гэж болно. Наадмын барилдаанд 512 юмуу, 1024 бөх оролцож 9-10 даваагаар барилддаг. Бөхийн барилдаанд барилдах хугацаа тогтоодоггүй, өрсөлдөгчдийн хэн нэг нь биеийнхээ аль нэг хэсгээр газар шүргэтэл үргэлжилдэг. Бөх бүр бөхийн барилдааны үндэсний хувцас зодог, шуудаг өмсөж, бас өөр өөрийн хөгжөөн дэмжигчидтэй. Бас бөх 3, 5, 7-ийн даваанд ялсан тохиолдолд цол чимгийг нь дууддаг тусгай хөгжөөн дэмжигч, туслах, “засуул”-тай.
Ийн хэд хэдэн даваанд ялсан бөхөд “начин”, “харцага”, “заан”……гэсэн цол олгоно. Бас наадмаар хоёр дахин түрүүлбэл “даян аварга” цол олгодог бол гурав түрүүлсэнд нь “далай даян аварга” цол олгоно. Улмаар бөх дөрөв түрүүлбэл “дархан аварга”, тав түрүүлбэл “харьшгүй хүчит аварга” цол олгодог байна.
Эрийн гурван наадмын хоёр дахь тэмцээн нь хурдан морины уралдаан. Хурдан морины уралдаанд 1000 хүртэл морь гарч, 15-30 км зайд уралддаг. Хурдан морийг 5-13 насны хүүхэд унадаг. Гэхдээ наадам болохоос өмнө хэдэн сарын турш морь хүүхдээ бэлтгэнэ. Төрөл бүрийн насны морьд өөр өөр зайд уралдаж, тэднээс түрүүлсэн 5, 10 морийг нь шалгаруулан морь, “унаач хүүхдийг нь шагнадаг.
Эрийн гурван наадмын гурав дахь тэмцээн нь нум сумны харваа. Тэмцээнд оролцогчид хоёр баг болон, харваач бүр дөрвөн сум тавина. Баг бүрийн зорилго нь 33 хасаа онох бөгөөд хамгийн мэргэн оносон харваачилд “улсын мэргэн” цол олгоно.
Эрт цагт наадамд зөвхөн эрчүүд оролцдог байсан бол харин одоо эмэгтэйчүүд ч оролцдог болсон. Гэхдээ мэдээж эмэгтэйчүүд хурдан морины уралдаан, сур харваанд оролцдог бол бөхийн барилдаанд зөвхөн эрчүүд барилдана. Үүнээс гадна өнөөдөр эрийн гурван наадамд дөрөвдэх тэмцээн болох шагайн харваа орсон. Тэмцээнд оролцогчид хоёр баг болон тусгай хашлаган дээр тавьсан сумыг дунд хуруугаараа нясалж тусгайлан өрсөн хасааг ононо. Шагайн харваач нь өрөөсөн хөлөө өвдгөөр нугалан сууж, босоо өвдөг дээрээсээ харвана. Шагайг зөвхөн эрчүүд л харвадаг.
Буриадын бөхчүүд Монгол наадамд анх удаа барилдана
https://ulan.mk.ru/ Долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монголд болох үндэсний их баяр наадамд Буриадын бөхчүүд анх удаагаа зодоглон барилдана. Энэ жилийн наадмаар анх удаагаа гадаадын бөхчүүд буюу Орос, Хятадад амьдардаг монгол угсаатны бөхчүүд зодоглоно. Бүгд найрамдах Тува улсаас 15, Халимаг, Буриадаас тус бүр дөрөв, Өвөр Монголоос хоёр бөх барилдана гэж CentralAsiaMedia хэвлэл мэдээллээ. Үндэсний их баяр наадмын ажиллагаа долдугаар сарын 7-нд сурын харваагаар эхэлнэ.
Наадам бол монголчуудын жил бүр орон даяараа тэмдэглэдэг үндэсний их баяр цэнгэл. Наадмыг монголчууд эрийн гурван наадам, үндэсний бөх, сурын харваа, хурдан морины уралдаан хийж тэмдэглэдэг. Улсын хэмжээгээр аймаг сум, нийслэлд жил бүр 35 мянган бөх барилдаж, 40 мянган морь уралддаг бол сурын харваанд 500 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьдог байна.
Тувагийн бөхчүүдийн монгол наадамд барилдахыг зөвшөөрлөө
https://www.tuvaonline.ru/ Долдугаар сарын 11-нд тэмдэглэх монголын үндэсний их баяр наадамд тувагийн бөхчүүдийг барилдахыг энэ жил анх удаагаа зөвшөөрлөө. Энэ бол монголын хувьсгалын ойн баяр. Наадам долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд болж эрийн гурван наадам болох, бөх, хурдан морины уралдаан, сурын харваагаар өрсөлддөг. Энэ 2022 оныг хүртэл бүх монголчуудын баяр-наадамд гадаадынхан оролцож өрсөлдөхийг зөвшөөрдөггүй байсан юм.
Сумо бөхийн дэлхийн хоёр удаагийн аварга, самбо бөхийн азийн аварга, Тувагийн үндэсний бөх хурешийн олон удаагийн аварга, ОХУ-ын гавьяат мастер, Увс аймгийн наадмын аварга Аяс Монгушийг 1998 онд монголын үндэсний их баяр наадамд барилдъя гэхэд нь зөвшөөрөөгүй юм. Магадгүй тэгэхэд монголчууд Аяс Моногушийг үндэсний их баяр наадамд нь түрүүлчих байх гэж эмээсэн байх.
Харин энэ 2022 оны тавдугаар сарын 9-нд Кызыл хотод аугаа их ялалтын 77 жилийн ойд зориулсан хуреш бөхийн барилдаан Владимир Биче-оолын нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд болж байх үеэр тувагийн бөхчүүдийг монгол наадамд барилдахыг зөвшөөрч урьсан юм. Энэ зөвшөөрлийг Тувад айлчилсан Монгол Улсын заан Дамирангийн Бумбаяр тэргүүтэй бөхчүүдийн төлөөлөл албан бичгээр гардуулж өгсөн байна.
Монгол, тува хоёр нь зодог шуудаг, монгол гуталтайгаар бүргэдийн дэвэлтээр гарч барилддаг дэлхийн цор ганц үндэстэн гэж болно. Монгол үндэсний бөх, тувагийн хуреш бөхийн хооронд нэг их ялгаа байхгүй.
Тувачууд ч өөрийн баяр наадамдаа эрийн гурван наадам болох бөх, хурдан морины уралдаан, сурын харваагаар өрсөлдөж нааддаг.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.