Энтертайнмент
“Иргэншилгүй сагсанбөмбөгч”-ийн түүх буюу Р.Т.Эрдоганы “урт гар”

Нэг хүнээс болж гэр бүлгүй, эх нутаггүй болсон тамирчны түүх
Турк улс 2026 оны өвлийн олимпийг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлжээ. Мөн 2018 оны арванхоёрдугаар сард Сансар судлалын агентлаг байгуулж, энэ салбарт их гүрнүүдтэй эн зэрэгцэхээ зарлан тунхаглалаа. Сансар судлал, спорт бол хөрөнгө мөнгө их шаарддаг, улс орны хөгжлийг илэрхийлдэг гол зүйл учир сонссон хүн Турк улсыг цэцэглэн хөгжиж байгаа юм байна л гэж ойлгоно. Харин үнэн хэрэгтээ бол эдийн засаг бүхнийг тодорхойлдог үнэнд гүйцэгдэж, дэвшүүлсэн зорилт нь цаасан дээр үлдэж байна.
Эрзурум хотын дарга Сейфеттин Азизоглу 2026 оны олимпийн наадмын бобслей, скелетон, цанын тэмцээнийг Сочид явуулах хүсэлт тавьж, оросууд татгалзсаны дараа ОУОХ Туркийн хотыг өрсөлдөөнөөс хассан. Хөрөнгөтөн улсад ахиу мөнгө олж байгаа нэгнээ эчнээ буруутган хилс хэрэг тохох Р.Т.Эрдоганы үйлдэл спортын ертөнцийг ч тойрсонгүй. Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Нью Йорк никс” багийн тоглогч Энес Кантер энэ сарын 17-нд Лондонд болох ёстой байсан тоглолтод оролцохоос татгалзсан нь олон нийтийн анхаарлыг татаж, Туркийн улс төрийн хямрал, Р.Т.Эрдоганы дэглэм тамирчдыг ч зовоосоор байгааг мэдрүүлсэн юм. Туркийн Хууль зүйн яам энэ сарын 15-нд Интерполд Энес Кантерыг хаа байгаа газраас нь олж барин шилжүүлж өгөх хүсэлт гаргасан бөгөөд үүнийг мэдсэн тамирчин “Лондон руу явахгүй” гэсэн нь тэр байв. Үнэндээ энэ бол мөсөн уулын оройн хэсэг бөгөөд Э.Кантерт Туркийн удирдагчийн зүгээс үзүүлсэн дарамтуудын зөвхөн нэг нь юм.
Энес Кантер үнэндээ Р.Т.Эрдоганы “урт гар”-ыг дөрвөн жилийн турш мэдэрсэн нэгэн.Түүнийг 2016 оны бүтэлгүйтсэн төрийн эргэлтийг зохион байгуулахад их хэмжээний мөнгө хандивласан гэж буруутгасан бөгөөд эх оронд нь үлдсэн ар гэрийнхнийг нь хэлмэгдүүлж, иргэншлийг нь хасч, сүүлдээ эрх чөлөөг нь булаах гэсэн нь тэр байв. Гэсэн ч тэрээр буулт хийх талаар бодож байсангүй. Энес Кантерыг АНУ-д “Иргэншилгүй сагсанбөмбөгч” гэдгээр нь сайн мэддэг. Тэрээр зохиолч Фетхулла Гюлений тэргүүлдэг “Хизмет” хөдөлгөөнийг багаасаа дэмждэг байжээ. “The Economist” сэтгүүлд “Хизмет” хөдөлгөөнийг “Пацифизм дээр үндэслэгдсэн, хэт даврах үзлийг эрс үгүйсгэдэг, лалын шашныг шинэлэгээр харж, энхтайванд тэмүүлэхийг зорилго болгосон” гэх зэргээр тодорхойлсон байна. 2015 онд АНУ-д ирээд “Хизмет”-ийн үзэл санааг улам ч ихээр ойлгож, дэвшилтэт гэж үзэх болжээ. Шигшээ багийн дасгалжуулагч Эргин Атаман өнгөрсөн баларсан нэг зөрчлийнхөө төлөө уучлалт гүйгаагүйгээс нь болоод түүнийг 2015 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээс хассан явдал түүнд хүндээр туссан гэдэг. Тэрээр өмнө нь шигшээ багт тоглохоос нэг бус удаа татгалзаж байсан нь үнэнтэй. 2009 онд өсвөр үеийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Туркийн баг хүрэл медаль хүртэж, өөрөө шилдэг тоглогчоор шалгарсныхаа дараа 2010 оны ДАШТ-д шигшээ багтаа тоглохоос татгалзсан. Энэ эх оронч бус гэмээр үйлдлийг аав нь “АНУ-д Кентаккийн их сургуульд орсон. Эхний сар чухал учраас хичээлдээ суухын тулд татгалзсан” хэмээн тайлбарлаж байв. Гэхдээ “Евро 2015”-д оролцуулахаас татгалзсан нь энгийн нэг зөрчлөөс бус, улс төрийн үзэл бодлоос нь болсон гэдэгт Э.Кантер эргэлздэггүй, хэвлэл мэдээлэлд ч энэ талаар чөлөөтэй ярьдаг байна. Тухайлбал, Лондон явж чадахгүй болсон талаараа “Харамсалтай нь, Туркийн Ерөнхийлөгч, мэдрэл муутаас болж Лондон явж чадахгүй нь. Намайг тэнд алж магадгүй. Тиймээс удирдлагтайгаа уулзаад эндээ үлдэж бэлтгэл хийхээр боллоо. Ийм зүйл миний спортын замналд нөлөөлж, багтайгаа хамт байхад ийм зүйл саад болж байгаад үнэхээр харамсаж байна. Энэ тэнэг, гаж донтон, дарангуйлагчаас болоод би ажлаа хийж чадахгүй болчихлоо. Намайг үнэхээр ална гэж бодож байна уу гэж үү. Тийм ээ. Амархан ш дээ. Тэдэнд тагнуулууд бий. Намайг хөнгөхөн алж чадна” гэж бичсэн байх жишээтэй.
ҮСБХ-нд дундаж ч гэлээ Турктээ бол тэрээр маш алдартай тамирчдын нэг учир түүний үг олон нийтэд маш их нөлөөлдөг.
Төрийн эргэлт хийх оролдлого гарсны дараа Энес Кантерыг харах Туркийн төрийн (Үнэндээ бол Р.Т.Эрдоганы) харц эрс хурцасжээ. Р.Т.Эрдоган “Ф.Гюленийг төрийн эргэлт гаргахыг оролдож олон хүний аминд хүрсэн” ил тод зарласны дараа олон хүн “Хизмет”- ийн тэргүүнээс зайгаа барьсан бол Энес Кантер тэгсэнгүй. Ф.Гюленийг өмөөрөн нийгмийн сүлжээнд хэд, хэдэн сэтгэгдэл бичсэнийхээ хариуд элэг нэгтнүүдинхээ хараалыг идэх болсон байна. Гэсэн ч Энес айсангүй, эрх баригчдыг буруутгасаар байсан тул түүний твиттер хуудсыг Туркт хаажээ. Үүний дараа л Э.Кантерын хувьд хамгийн хүнд үе эхэлсэн юм. Р.Т.Эрдоган заналхийллээ бодитоор хэрэгжүүлж эхэлсэн гэсэн ч болно. Энисийн аав Мехмет Кантер хүүгээсээ татгалзаж, овгоо солихыг шаардаж, эх орныхоо нэрийг хөөдсөн хүү төрүүлснийхээ төлөө Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганаас уучлалт хүссэн байна. Мехмет Ерөнхийлөгчид хандсан олон нийтэд нээлттэй ил захидал бичиж, түүндээ “Би Энест хэлсэн ч тэр сүлжээнд манай Ерөнхийлөгчийг шүүмжилсэн зүйлс бичсээр байна. Кантерын гэр бүл түүний үл хүндэтгэсэн харилцааг дэмжихгүй байгаа. Тиймээс би болон манай гэр бүл бүгд Энесээс татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Түүнийг овгоо хурдхан солиулаасай гэж хүсч байна. Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган болон Туркийн нийт ард иргэдийн өмнө ийм хүү өсгөж хүмүүүжүүлснийхээ төлөө уучлалт гуйж байна. Ийм зүйл болно гэж мэдсэн бол би түүнийг хэзээ ч АНУ руу явуулахгүй байсан” хэмээн бичсэн байдаг. Эцгээсээ ийм захиа авахад Энес Кантерт маш хүнд байсан нь мэдээж. Гэсэн ч шазуур зааж, овгоо өөрчилсөн талаараа эцэгтээ мөн адил нээлттэй захидал бичиж мэдэгдсэн байна. Тэрээр захидалдаа Энес Кантер гэдэг овгоо Энес Гюлен болгосноо бичсэн юм.
Харуусал, уй гашуу мэдрэгдэх ч итгэл үнэмшил дүүрэн түүний захидалд “Өнөөдөр би 24 жилийн турш гэр бүлээ гэж бодож байсан аав, ээж, ах, эгч, дүүсээ алдлаа. Эцэг маань надаас овгоо солиулахыг хүслээ. Амьдрал хайрласан ээж минь надаас татгалзлаа. Ах, эгч нар маань ч намайг үгүйсгэж байна. хамаатнууд маань намайг харахыг хүсэхгүй байна. Гэхдээ Гюлений үйл хэргийн төлөө нэг биш, мянган Энес Кантерыг ч золиослож болно. Би эцэг эх, гэр бүлийнхнээ бүгдийг нь золислож байна. Чаддаг бол амьдралынхаа секунд бүрийг зоригт БАГШ-ийн төлөө зориулахсан. Одоо 171 оронд байгаа Гюленийг дагагчид миний ах дүүс. Бурхан бодитой оршдог, уй гашуу үгүй” хэмээн бичсэн байсан юм. Лондон явахаас татгалзсан тухайд, түүнд бодитой шалтгаан бий. 2017 онд, багтайгаа хамт хүмүүнлэгийн ажиллагаанд оролцохоор Индонезид очоод байхад нь түүний байрласан зочид буудлын өрөөнд нь цагдаа нар орж иржээ. Тэрээр энэ талаар “Зочид буудлын менежер надад цагдаа нарыг “Турк улс аюултай гэж зарласан хүнийг хайж яваа” талаар дуулгасан. Бид шууд л онгоцны буудал руу явж, эхний онгоцоор ниссэн” хэмээн ярьсан байдаг. Яг тэр өдөр Турк улс түүний паспортыг хүчингүй болгосоноор Энес Кантер Румынд багагүй хугацаанд саатсан ч яаж ийгээд Лондон руу нисэж дөнгөсөн байдаг. Түүнээс зургаан өдрийн дараа Турк улс түүнийг “Алан хядах байгууллагын гишүүн” хэмээн зарлаж, эрэн сурвалжлах ажил эхэлснээс зарласан юм. Энес Кантер ч өөрийгөө иргэншилгүй хүн хэмээн зарласан гэдэг.
Энесийн хувьд, зам нь ийнхүү шулуудсан бол Туркт үлдсэн гэр бүлийнхнийх нь хувь заяа өөдөлсөнгүй. Хэдий хүүгээсээ холбоо тасалж, уучлалт гуйсан ч Туркийн шүүх 2018 оны зургадугаар сард түүний эцэг Мехметэд 15 жилийн хорих ял оноож, шоронд хийжээ.
Р.Т.Эрдоганы “урт гар”-т үнэтэй бүхнээ алдсан Энест хувь заяа нь саяхан дахин нэг сорилтыг илгээж, Энис Кантерын “Никс” баг дахь үүрэг тодорхойгүй болсон байна. Тэрээр удирдлагаасаа “Намайг тоглуул, эсвэл өөр баг руу явуул” хэмээн шаардаж буй.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм7 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм5 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм6 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм6 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр7 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав