Энтертайнмент
“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” СУДЛАЛЫН ШИНЭ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Монголын түүх, хэл бичгийн хосгүй дурсгал “Монголын нууц товчоон” алдарт бүтээл тэрлэгдсэний 782 жилийн ой тохиож буй энэ онд «Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх» хэмээх ном хэвлэгдэн гарч, номын баяр 2022 оны 8 сарын 13-ны өдөр “Монголын нууц товчоон”-ыг бичиж дуусгасан Хэрлэнгийн Хөдөө аралд боллоо. «Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх» хэмээх тус номыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор Гаадамбын Билгүүдэй, тус салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Доржсүрэнгийн Болормаа нар эрхлэн хэвлүүлжээ.
“Монголын нууц товчоон” хэдий монгол эхээрээ олдоогүй ч гэсэн, монгол хэлийг хятад ханз үсгээр галиглан бичиж тэмдэглэсээр бидний үед уламжлан иржээ. Энэхүү хосгүй бүтээл 700 жилийн дараа эх нутагтаа монгол үсгээр эргэн сэргээгдэж хэвлэгдэж байв. Уг хүндтэй ажлыг тухайн үеийн Богд хаант Монгол улсын Гадаад хэргийн яамны дэд сайд байсан Бодлогот гүн Цэнд хийж гүйцэтгэжээ. 1917 онд орчуулж дуусгасан “Монголын нууц товчоон”-ы сийрүүлэг, орчуулгын гар бичмэл одоо Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Дорно дахиныг судлах хүрээлэнгийн номын санд хадгалагдаж байна. Цэнд гүнгийн 1917 онд бичсэн энэхүү сийрүүлэг, орчуулга 80 жилийн дараа олны хүртээл болсон бөгөөд түүний охин түүхч Ц.Хандсүрэн уг гар бичмэлийг шинэ үсэгт буулган, гэрэл зургийн хамт “Цэнд гүн ба Монголын нууц товчоон” номыг хэвлүүлсэн бол “Цэнд гүнгийн хөрвүүлсэн Монголын нууц товчоон” номыг түүхч Ц.Хандсүрэн гуайн хүү, Цэнд гүнгийн зээ хүү Д.Начин эрхлэн гаргаж байжээ. Эдгээр номыг эдүгээ олохуйяа бэрх болжээ.
Харин энэ удаад хэвлэгдэж байгаа «Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх» ном нь шинэ үсэгт буулгахдаа 100 жилийн өмнөх Цэнд гүнгийн орчуулгын үг үсгийг тэр хэвээр нь, орчин цагийн монгол хэлээр хөрвүүлэхдээ уг эхтэйгээ зөрөхгүй байх, мөн тухайн эхийн нэг ч үг үсгийг өөрчлөлгүйгээр буулгахыг чармайсан билээ. Үүнээс гадна “Монголын нууц товчоон”-ы эх орчин цагийн монгол хэлнээ орчуулагдсанаас хойш өнгөрсөн 100 гаруй жилийн судалгааны ажлын ололт туршлагыг тусгасан шинжлэх ухааны зүүлт тайлбарыг хийжээ.
«Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх» номын баяр Хэрлэнгийн хөдөө аралд уртын дуу, морины хуурын аялгуугаар эхэлж, “Бодлогот баатар гүн” сангийн тэргүүн Б.Мөнхсүх, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар нээн үг хэлэв. Номын баяраар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор Г.Билгүүдэй “Монголын нууц товчооны уг эхийг монгол бичгээр сэргээн сийрүүлсэн анхны хүн Бодлогот баатар гүн Цэнд”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Д.Болормаа «Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх» номын тухай сэдэвт илтгэлийг тус тус хэлэлцүүллээ. “Бодлогот баатар гүн” сангийн тэргүүн Б.Мөнхсүх болон Цэнд гүнгийн үр хүүхэд, ач зээ, удмаас нь номын зохиогчдод талархсанаа илэрхийлээд өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшууллаа.
Мөн номын баярын үеэр “Монгол судлал ба Монголын нууц товчоо” судалгааны байдал, ирээдүйн чиг хандлага олон улсын эрдэмтдийн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгээр гадаад дотоодын эрдэмтэд Монголын нууц товчоо судлалын талаар хэлэлцэж зөвлөлдлөө. Хүрэлцэн очсон зочид төлөөлөгчид, хуралд оролцогчид “Монголын нууц товчоон” гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авхуулав. Түүнчлэн “Монголын нууц товчооны газар усны нэр” гэрэл зургийн үзэсгэлэн, айрагны баяр, унага тамгалах ёсон зэрэг арга хэмжээ болжээ.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм14 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм16 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм16 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм15 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр