Дэлхий дахинд
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, Билл Гейтс нар эрүүл мэндийн салбартай холбоотой бусад асуудлуудаар хамтран ажиллах талаар хэлэлцжээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс нар вакцин гарган авах болон эрүүл мэндийн салбартай холбоотой бусад асуудлуудаар хамтран ажиллах талаар хэлэлцжээ.
Уулзалтын үеэр Юн Сок Ёл орчин үеийн технологи, дэд бүтцэд оруулж буй Б.Гейтсийн хувь нэмэр, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмж, эмчилгээг сайжруулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг сайшаасан байна.
Мөн “Bill & Melinda Gates” санг хамтран удирддаг Б.Гейтст БНСУ-ын “SK Bioscience” компанид дотоодод гарган авсан анхны “COVID-19”-ийн вакциныг бүтээхэд тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ.
Б.Гейтсийн хувьд БНСУ тусламжийн төсвөө нэмэгдүүлэн, их дээд сургуулиуд, ашгийн бус байгууллага, компаниудаар дамжуулан шинэ чадавхийг хөгжүүлж байгаагаараа сангийн зорилготой ихэд нийцэж байгааг онцолсон байна.
БНСУ-д маш их нөөц бололцоо байгааг тэрбээр мөн цохон тэмдэглээд, хоёр тал хамтдаа илүү ихийг хийж бүтээнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн биологийн инновацид тэргүүлэх ач холбогдол өгч байгаад тань миний бие ихэд баяртай байна гэж хэлсэн байна.
Мөн БНСУ-ын Засгийн газар болон “Bill & Melinda Gates” сан олон улсын эрүүл мэндийн түншлэлийг өргөжүүлэх, бага, дунд орлоготой орнуудад биотехнологийн салбарын боловсон хүчнийг сайжруулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.
Энэхүү баримт бичгийн дагуу талууд халдварт өвчний эсрэг вакцин, оношилгооны төхөөрөмж, эмчилгээг хамтран бүтээж, дэлхийн эрүүл мэндийн салбар дахь тэгш бус байдлыг бууруулахад хамтран ажиллана гэж Засгийн газар мэдэгдсэн байна. Санамж бичигт Б.Гейтс, Гадаад хэргийн сайд Пак Жин, Эрүүл мэндийн дэд сайд Ли Ки Ил нар гарын үсэг зуржээ.