Дэлхий дахинд
Хятадад төрөлт буурсаар байгаа тул үр хөндөхийг хориглолоо
Хятадад хүүхэд төрүүлэх явдал эрчимтэй буурсаар байгааг зогсоохын тулд БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах үндэсний комиссоос үр хөндөхийг хориглож байгаагаа зарласан байна. Харин хүний эрхийг хамгаалагч идэвхтнүүд үр хөндөхийг ингэж хориглох нь сая сая эмэгтэйн эрүүл мэндэд хохирол учруулна гэж үзэж байна.
БНХАУ сүүлийн хэдэн арван жилд хүн амын хэт өсөлтийг хязгаарлах бодлого барьж байсан бол өнөөдөр төрөлт хамгийн доод түвшинд хүрээд байгаа юм. Хүн ам нь бүхэлдээ хөгширч байгаагаас эрх баригчид энэ явцыг өөрчлөхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авахаар шийдээд байна.
Үр хөндөлтийг хориглох шийдвэр ч гэсэн эрүүл мэндийн салбарын эрх баригчдын хэлж байгаагаар бол зөвхөн эмнэлгийн магадлагаа, зөвшөөрөлтэй тохиолдолд л үр хөндөхийг зөвшөөрөх юм байна. Үүний зэрэгцээ эхчүүдэд үзүүлэх нийгмийн тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх, үргүйдлийг эмчлэх талаар илүүтэй ажиллана гэнэ.
Төсөөллөөр энэ онд Хятадад төрөлт хамгийн дээд хэмжээгээр буурч, 10 сая хүрэхгүй хүүхэд мэндэлсэн тоо гарахаар байгаа нь өмнөх жилийн дүнгээс 11,5 хувь бага байна.
Эрүүл мэндийн судалгааны Гутмахерын хүрээлэнгийн мэдээлж байгаагаар бол БНХАУ нь өнөөг хүртэл үр хөндөлтөөрөө дэлхийн тэргүүлэгч орон байсаар ирсэн байна. Тус хүрээлэнгийн мэдээнд БНХАУ-д төлөвлөгөөгүй жирэмслэлтийн 78 хувийг үр хөндөлтөөр зогсоодог гэжээ. Энэ үзүүлэлт дэлхийд 61 хувь байдаг юм байна.
Хятадын эрх баригчдын мэдээлснээр бол 2015-2019 онд БНХАУ-д жил дунджаар 9,5 сая үр эмэгтэй үр хөндүүлдэг байжээ. Гутмахерын хүрээлэн болохоор энэ хугацаанд жил бүр 17,7 сая эмэгтэй үр хөндүүлж байсан гэж байна.
Хятадын хүн ам зүйд тулгараад байгаа бас нэг асуудал бол жендерийн харьцаа. Өнгөрсөн оны мэдээллээс үзэхэд тус улсад эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ 37 саяар илүү байна.
Нөгөө нэг зүйл нь төрөлт ийн буурснаар тус улсын хүн ам хөгширч ажиллах хүчний хомсдолд орохоос гадна нөхөн үржихүй зогсоход хүрч мэдэх аюул байна. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газрын мэдээллээр бол БНХАУ-ын хүн ам 2025 оноос эхлээд буурч эхлэх төлөвтэй байна. НҮБ-ын тооцоолж байгаагаар бол 2023 он гэхэд Энэтхэг улс хүн амын тоогоороо Хятадыг гүйцэж түрүүлэн манай гаргийн хамгийн олон хүнтэй улс болох гэнэ.
БНХАУ-д 1980-2015 он хүртэл БНХАУ-д “Нэг гэр бүр-нэг хүүхэд” гэсэн бодлого хэрэгжиж ирсэн юм. Харин 2016 оноос төрөлтийг дэмжих зорилгоор гэр бүлийг хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн бол дахиад таван жилийн дараа нэг гэр бүлд гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрөөд байгаа юм.