Дэлхий дахинд
Финландын ерөнхий сайдын “шоудаж” буйг харуулсан дүрс бичлэг сошиал сүлжээнд тарлаа
Финландын залуу ерөнхий сайд эмэгтэйн гэртээ наргиж буйг харуулсан дүрс бичлэг өчигдөр сошиал ертөнцөд тарж, дуулиан дэгдээжээ.
Уг дүрс бичлэгт зургаан хүн камерын өмнө дуулж, бүжиглэж байгааг харуулсан ба тэдний нэг нь 36 настай ерөнхий сайд Санна Марин байсан юм.
“Уг бичлэг олон нийтэд тарсанд харамсаж байна. Би тухайн үед найзуудтайгаа нэг үдшийг хамт өнгөрүүлсэн. Тиймээ, нэлээд задгай наргисан. Дуулсан, бүжиглэсэн. Миний бие тэр үед согтууруулах ундаанаас өөр ямар нэг мансууруулах бодис хэрэглээгүй. Бүжиглэсэн, дуулсан, наргисан маань хууль ёсны дагуу үйлдэл. Би бусдын хийдгээс хэтэрсэн зүйл хийгээгүй” гэж Марин өчигдөр Финландын хэвлэлд ярьжээ.
Дүрс бичлэгт ерөнхий сайдын хамт намынх нь хамтран зүтгэгч, парламентын гишүүн Илмари Нурминен, Финландын дуучин Алма нар байсан юм. Үйл явдал хэзээ болсон талаар мэдээлэл ил болоогүй байна.
Санна Марин нь 2019 оны арван хоёрдугаар сард Финландын түүхэнд хамгийн залуу ерөнхий сайд болж байв. Цаашдаа ч өөрийн насны бусад залуусын нэгэн адил амьдрах бодолтой байгаагаа илэрхийлсэн Марин “Үүнийг хүмүүс хүлээн зөвшөөрнө гэж би найдаж байна. Бид сонгуулиар асуудлаа шийддэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.
Финландын иргэдийн зарим хэсэг түүнийг ерөнхий сайд хүнд баймгүй үйлдэл гаргасан гэж шүүмжилцгээжээ. Ялангуяа Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэн ОХУ-тай 1,300 гаруй километр урт шугамаар хил залгадаг Финланд улсын аюулгүй байдал анхаарал татаж буй цаг үед ингэх нь буруу гэж үзэж байна.
Энэ оны долдугаар сард залуу ерөнхий сайд Финландын алдартай рок хөгжмийн наадамд оролцож байв. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард тэр коронавирусийн халдвар авсан хүний ойрын хавьтал болсноо мэдэлгүй үүрийн 4 цаг хүртэл шөнийн клубт зугаацсаныхаа төлөө олон нийтээс уучлал гуйж байжээ.
Эх сурвалж: Associated Press