Спорт
УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн аварга Б. Мөнгөнзултай шатар нүүлээ
УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ченнай хотод Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад амжилттай оролцож алтан медаль хүртэж их мастерын болзол хангасан Б.Мөнгөнзул болон Үндэсний шигшээ багийн тамирчид, Монголын шатрын холбооны төлөөллийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
УИХ-ын даргын хувьд Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрбээр дэлхийн оюуны их наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, оюуны спортоор Монголчууд дэлхийд үнэлэгдэж байгааг нотлон харуулсан баг тамирчдад онцгойлон баяр хүргээд цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад УИХ дахь Шатрын лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, БОАЖ-ын сайд Б. Бат-Эрдэнэ нарын хүмүүс оролцов.
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад 197 орны шилдэг 343 баг оролцсоноос Монгол улсын баг дэлхийн шилдэг 30 багийн нэгээр нэрлэгдэж, эмэгтэй баг 162 орны эмэгтэй багаас 15 дугаар байр, эрэгтэй баг 187 орны 188 багаас 35 дугаар байр эзэлсэн бол хувийн дүнгээр дөрөвдүгээр ширээнд суусан Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон билээ.
17 насандаа дэлхийн шатрын олимпиадын аварга болоод байгаа Б.Мөнгөнзул нь Эрдэнэт хотын 14 дүгээр сургуулийн сурагч. Цэцэрлэгт байхдаа шатар тоглож сурч, найман настайгаасаа эхлэн дугуйланд хичээллэж иржээ. Тэрбээр цаашид оюуны спортоороо үргэлжлүүлэн суралцаж, тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг мандуулах хүсэл мөрөөдөлтэй гэж байлаа.
Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурвансайхан хэлэхдээ “Энэ удаагийн 44 дүгээр олимпиад шатраар багийн спорт амжилттай хөгжих боломжтой гэдгийг харуулсан. Тиймээс цаашид өсвөрийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцож, ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэхэд төр засгийн зүгээс анхаарч өгөөч” гэдэг санал хүсэлттэй байгаагаа уламжилж байв.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн аварга Б. Мөнгөнзултай нэг өрөг шатар нүүлээ.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.