Дэлхий дахинд
АНУ-ыг химийн зэвсгээ устгахыг Орос уриаллаа
ОХУ-аас Вашингтонд суугаа Элчин сайдын яам АНУ-г химийн зэвсгээ устгах, Москвагийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалж байгаагаа яамныхаа телеграмм сувагт нийтэлжээ.
“Орос улс 2017 онд хордуулагч бодис бүхий зэвсгээ бүрэн устгасныг Вашингтон сайн мэдэж байгаа. Энэ баримтыг Химийн зэвсгийг хориглох байгууллага албан ёсоор баталгаажуулсан” гэж ОХУ-ын Элчин сайдын яам оросын блогч Алексей Навальныйг Хуульзүйн яамны гадаад тагнуул, хэт даврагч байгууллагууд хариуцсан байгууллагаас / ФБК / хордуулсан гэсэн АНУ-ын Төрийн департаментын буруутгалын хариуд мэдэгдсэн байна.
Оросын дипломатууд бас өнөөдөр АНУ л өөрийн химийн зэвсгээсээ татгалзаагүй цор ганц орон гэдгийг сануулжээ. “Вашингтоныг олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхаасаа татгалзаж, оросын дотоод хэрэгт оролцохгүй байхыг уриалж байна” гэж мэдээлэлд дурджээ.
Путиныг шүүмжлэгч, блогч Алексей Навальный 2020 оны наймдугаар сарын 20-нд Томскоос Москва орохоор нисч яваад эрүүл мэнд нь гэнэт муудсанаар онгоц Омскт шуурхай буухад хүрсэн юм. Наймдугаар сарын 22-нд түүнийг Берлиний эмнэлэгт хүргэхэд мэргэжилтнүүд түүний бие организмаас “Новичок” бүлгийн хортой бодис илэрлээ гэж мэдэгдсэн. Харин оросын эмч нар болохоор хорт бодис илрээгүй хэмээн баталсаар өнөө хүрсэн юм.