Дэлхий дахинд
Украины эдийн засаг 40 хувь унана гэж төсөөлж байна
Эдийн засаг судалгааны олон улсын S&P Global Ratings агентлаг Украины эдийн засгийг экспорт, хэрэглээ, хөрөнгө оруулалт буурсанаас энэ 2022 онд 40 хувь унана гэж төсөөлөл гаргасан байна.
Мэдээлэлд дурдсанаар бол украины үйлдвэрлэлийн хүчин чадлын бараг тавны нэг, далайн боомт бүхий районуудын ихэнх нь Оросуудын хяналтад юм уу, бүслэлтэд байгаа болохоор нөхцөл байдал тун бүрхэг байна гэжээ.
Оросын зэвсэгт хүчний салбаруудын хяналтад орсон орд газруудын үнэ нь 12,4 их наяд ам.доллараар үнэлэгдэж байна гэж канадын шинжилгээний SecDev компани үүний өмнө мэдээлж байсан юм. Энэ материалд Украин нүүрсний орд газрынхаа 36, газрын тосныхоо ордын 11, байгалийн хийн ордынхоо 20 хувийг хяналтаасаа алдаад байгаа гэсэн байна. Мөн төрөл бүрийн металлынхаа ордын 42, лити зэрэг ховор элементийн ордынхоо 33 хувийг алдаад байгаа юм.
Гэхдээ S&P-ийн шинжээчид үйл явдал цаашид хэрхэн өрнөх нь зэвсэгт мөргөлдөөн хэрхэн өрнөхөөс шууд шалтгаална гэсэн байна.
“Хувь хүнд болон хүний өмч хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан тул Украины эдийн засгийн дунд хугацааны өсөлтийн хэтийн төлөв тодорхойгүй байгаа бөгөөд зарим бүс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээж, Хар тэнгист нэвтрэх боломжоос шалтгаална” гэж энэ судалгаанд дурджээ.