Дэлхий дахинд
АНУ-д шинэ иргэний дайны аюулд сэтгэл зовж байна
АНУ-д ард иргэдээс улс төрийн тогтолцоонд үл итгэх явдал улам өсөн нэмэгдэж байгаа нь тус улс дотоодын сөргөлдөөн мөргөлдөөнд хүрч болзошгүйг харуулж байна гэж британийн The Guardian сонинд бичжээ.
Галт зэвсгийн хүчирхийллийг судлах Калифорнийн судалгааны төвийг үүсгэн байгуулагч, доктор Гарен Винтемут үүний өмнө Америкт удахгүй иргэний дайн дэгдэж мэднэ гэсэн сэрэмжлүүлгийг үл тоон, инээж, тэднийг “галзуу чалчаа” гэж нэрлэдэг байсан хэмээн тус хэвлэлд тэмдэглэжээ.
Гэтэл долддугаар сард явуулсан санал асуулгаас үзэхэд америкчуудын тал хувь нь ойрын хэдэн жилд иргэний дайн дэгдэж болзошгүй гэж байгаа бол, таван хүний нэг нь хэд хэдэн нөхцөлд улстөрийн хүчирхийлэл хэрэгтэй гэсэн байна. Үүнээс гадна асуулгад оролцогсдын 40 хувь нь ардчилалаас илүүтэй хүчтэй удирдагч хэрэгтэй гэжээ.
Иргэний сөргөлдөөний талаарх мэргэжилтэн Рэйчел Кляйнфельд хэвлэлд өгсөн ярилцлагадаа санал асуулгын энэ дүн нь “түгшүүр төрүүлж байна” гэжээ. Хатагтай Рэйчел үүнээс үүдээд улс оронд нь хүчирхийллийн сөргөлдөөн гарахгүй гэсэн баталгааг, өнөөгийн улс төрийн тогтолцоо өгч чадахгүй гэсэн байна. “Хэрвээ манай тогтолцоо сулрах юм бол түүх өөрөөр эргэнэ” гэж тэр онцолжээ.
Түүнийхээр бол АНУ-ын иргэд “манай ардчилалд сэтгэл дундуур байж, ардчилал хэрэгжихгүй, үр дүнгээ өгөхгүй байна” гэж үзэж байгаагийн илрэл гэнэ. Энэ бүхнээс үзэхэд энэ асуудлаар иргэд “өөдрөг биш байна” гэжээ.
Америкийн Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгааны дүнгээр ч гэсэн АНУ-ын иргэдийн бараг тал нь ойрын жилүүдэд иргэний дайн дэгдэнэ гэсэн байна. Харин иргэдийн гуравны хоёр нь америкийн ардчилалд аюул учирлаа гэжээ.