Дэлхий дахинд
Германы сөрөг хүчнийхэн оросуудад шенгений виз олгохыг зогсоохыг шаардлаа
Германы сөрөг хүчин Христийн ардчилагч, Христийн нийгмийн холбооны эвсэл оросуудад шенгений виз олгохыг хориглохыг эрх баригчдаасаа шаардлаа гэж Bild сонин мэдээллээ.
“Оросууд Европын орнуудаар юу ч болоогүй юм шиг аялж зугаалж, амарч, мөнгөө зарцуулж байгааг тэвчих аргагүй юм” гэж Христийн ардчилсан холбооны төлөөлөгч, Европын парламентын гишүүн Деннис Радтке мэдэгдсэн байна. Бусад улстөрчид ч Оросын иргэдэд жуулчны виз олгохыг зогсоох талаар байр сууриа илэрхийлжээ. Тэдний үзэж байгаагаар бол ингэх нь Оросын ард иргэдэд “тодорхой дохио өгөх болно” гэнэ.
Христийн ардчилагч, Христийн нийгмийн холбоо фракцын төлөөлөгч Юрген Хардт харин Европын орнуудад зорчихыг хориглох шийдвэрийг Украин дахь дайн сөргөлдөөнд буруутай хүмүүст хариуцлага тооцох үүднээс оросын засгийн хүмүүст тусгайлан гаргах нь зүйтэй, түүнээс биш оросын ард түмэн бол дайсан биш гэжээ.