Дэлхий дахинд
Хятадын хөлөг онгоц Тайванийн цэргийн сургуулилтын бүсэд ойртжээ
Хятадын Ардын чөлөөлөх армийн тэнгисийн флотын пуужин тээгч хөлөг онгоц Тайванийн цэргийн пуужинт сургуулилтын аюултай бүсэд нэвтэрч орлоо хэмээн тайванийн мэдээллийн төв агентлаг цэргийнхний эх сурвалжаас аван мэдээлсэн байна.
Шинжлэх ухаан технологийн Жуньшанийн хүрээлэн үүний өмнө Тайванийн өмнөд хэсэг дэх Пиндун гацаан дахь цэргийн Зюпэн баазаас наймдугаар сарын 18,19,25, 26-ны өдрүүдэд цэргийн пуужинт сургуулилт хийнэ гэж мэдээлж байсан юм. Энэ сургуулилтын үеэр Тайдун гацааны эргээс дорно зүгт болон зүүн өмнөд рүү пуужин харваж турших юм байна. Энэ нь Тайдуны эргээс 200 орчим км зайг хамрах аюултай бүс үүснэ гэсэн ч пуужингийн хөөрөх өндрийг мэдээлээгүй. Сургуулилтад ямар пуужин харвахыг мэдээлээгүй ч Сюнфэн далавчит пуужин харвах байх гэж мэдээллийн төв агентлаг бичжээ.
Ийн Пиндун гацааны Зюпэн, Тайдун гацааны Чэнгун хотоос пуужин харваж сургууль хийжээ. “Хятадын Ардын чөлөөлөх арми наймдугаар сарын 4-нд цэргийн сургуулилт хийж эхэлснээс хойш Тайванийн арлын дорнод бүсэд хятадын пуужинт гурван хөлөг, радио электрон тагнуулын нэг хөлөгтэй хамт байнга жижүүрлэж байгаа хэмээн цэргийнхэн мэдээлж байна” хэмээн мэдээллийн агентлагийн мэдээлэлд дурдсан байна.
Эх сурвалжийн хэлснээр бол өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт энэ бүсэд хятадын армийн бас нэг пуужинт хөлөг орж ирэн Тайванийн арлын зүүн хойд хэсэгт 50 орчим км-ийн зайд буюу цэргийн сургуулилтын аюултай бүсэд байрлажээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн хатагтай Нэнси Пелоси саяхан Тайваньд айлчилснаар Тайвань, Хятадын харилцаа хурцдаад байгаа юм. БНХАУ энэ арлыг өөрийн нэг муж гэж үздэг учраас Пелосийн айлчлал нь тайванийн салан тусгаарлах үзлийг АНУ дэмжиж байгаагийн илэрхийлэл хэмээн цэргийн өргөн хэмжээний сургуулилт хийж эхэлсэн юм.