Дэлхий дахинд
БНХАУ: Гэрлэлт болон төрөлтийн түвшин ихээхэн буурсан нь цар тахлаас улбаатай
Цар тахал БНХАУ-ын гэрлэлт болон төрөлтийн түвшинд ихээхэн нөлөөлсөн болохыг тус улсын Үндэсний Эрүүл мэндийн хорооноос онцолжээ.
Тодруулбал, 2020 онд тус улсад төрөлтийн хувь /мянган хүн тутам дахь төрөлтийн хэмжээ/ анх удаагаа 10 хувиас доош буюу 8.52 хувьд хүрсэн нь 1978 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна. Улмаар энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн онд улам бүр буурч 7.52 хувьд хүрэв.
Мөн БНХАУ-ын төрөлтийн түвшинд нөлөөлж буй бусад хүчин зүйлүүдэд залуучууд хот руу шилжин суурьших, өөрсдийн боловсролд илүү их мөнгө зарцуулах, ачаалал ихтэй ажлын орчин зэрэг шалтгаанууд багтжээ.
Хятад улс сүүлийн нэг сарын хугацаанд “гурван хүүхдийн бодлого”-оо эрчимжүүлсэн. Тухайлбал уг бодлогын хэрэгжилтийг санхүү, боловсрол, орон сууц зэрэг холбогдох бодлогоор дэмжих удирдамжийг энэ сарын 16-ны өдөр зарласан байна.