Дэлхий дахинд
Талибууд эмэгтэйчүүдийн шинэчлэлийн хэлтэс байгуулна
Афганистаны Буяныг түгээж, бузар муугаас урьдчилан сэргийлэх яаманд эмэгтэйчүүдэд зориулсан хэлтэс байгуулна гэж “TOLO News” хэвлэл мэдээллээ. Талибууд өнгөрсөн оны наймдугаар сард Афганистаны засгийн эрхэнд гарсны дараа ийм яам байгуулсан юм байна.
Энэ шинэ хэлтэс нь эмэгтэйчүүдэд зориулсан шинэчлэл хийхэд анхаарлаа хандуулах болно хэмээн тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Садик Акиф хэлжээ. Шинэ хэлтэс ямар бүрэлдхүүн, хэдэн хүнтэй ажиллах, хэдийнээс ажлаа эхлэх талаар тэрбээр тодруулаагүй байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Буяныг түгээж, бузар муугаас сэргийлэх яам 2000 орчим гомдол хүлээн авснаас “олонхыг нь хянан хэлэлцсэн” гэж ноён Акиф танилцуулжээ. Эдгээр гомдлын улмаас 900 гаруй хүнийг ажлаас нь халсан байна. Афганистанд өнөөдөр сахлаа хусах юмуу, хар тамхи хэрэглэсэн бол ажлаа алдана.
Талибанчууд засгийн эрхэнд гарсны дараа гар цавчих, цаазаар авах ялыг сэргээж, эрчүүдийн сахлаа хусахыг хориглосон юм. Мөн эмэгтэйчүүд түрийтэй гутал өмсөх ёстойн зэрэгцээ эрэгтэй хүнгүй ганцаараа онгоцоор нисэхийг хориглосон байна. Үүний зэрэгцээ эмэгтэйчүдийг ажил хөдөлмөр эрхлэхийг хязгаарласан юм. Өөр нэг зүйл бол албан тушаалтныг баримт үндэслэлгүй шүүмжлэхийг хоригложээ. Афганистаны засгийн газарт мөн Урам зоригийг батлах, буруутгахаас урьдчилан сэргийлэх яам гэж байгаа нь интернет болон телевиз дэх контентыг хянан зохицуулдаг юм байна.