Энтертайнмент
“Хар Түнэ Орд”-ын малтлага судалгааны ажил эхэлжээ
Монголчууд өнө эртний баялаг түүхтэй ард түмэн. Бидний түүх улам баяжиж, шинэ баримтуудаар батлагдсаар байдаг. Хамгийн сүүлд л гэхэд 2200 гаруй жилийн өмнөх Хүннү гүрний нийслэл Лунчен буюу Луут хотыг Архангай аймгийн Өлзийт сумаас олж илрүүлсэн. Үүнээс хойших үеийн судлагдаагүй дурсгалт газрууд Монголд олон бий. Бүр огт санаанд оромгүй газарт ч буурал түүхийн баримтууд хадгалагдаж байна.
Тухайлбал, Хэрэйдийн Тоорил Ван ханы ордон нийслэлчүүдтэй хаяа дэрлэн Био комбинатад байсныг саяхныг хүртэл мэддэггүй байв. Монголын нууц товчоонд Тэмүүжин Туулын Хар шугуйд нутаглаж буй Тоорил ханд бараалхан “Эцгээс минь ялгаагүй эцэг минь” хэмээн хар булган дахаа бэлэг болгон өгсөн тухай өгүүлдэг. Тэгэхээр энэхүү түүхийн баримт болсон Тоорил ханы ордон үнэхээр Био комбинатад байгаа эсэхийг судалж тогтоох, мөн бол бататгах зайлшгүй шаардлагатай юм. Бизнесийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг санаачилдаг, санхүүжүүлдэг. Эдгээр дотроос урт хугацаанд тогтвортой, далайцтай хэрэгжүүлж буй төслүүд ховор. Тэгвэл тун саяхнаас хэрэгжиж эхэлсэн “Өв соёлын голомт” түүх археологийн төсөл ач холбогдлын хувьд болоод зорьж буй үр дүнгээрээ чухалд тооцогдохоор байна. Энэхүү төслийг Голомт банк санаачлан ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан нь түүх, археологийн салбарт чухал үйл явдал боллоо.
Археологийн салбарт үндэсний аж ахуйн нэгж хөрөнгө оруулсан тохиолдол маш ховор, ялангуяа урт хугацааны төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа анхны тохиолдол юм. “Өв соёлын голомт” төслийн хүрээнд олон ажлууд хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд дээр дурдсан Улаанбаатар хотын Био комбинатад байршилтай Туулын “Хар Түнэ Орд”-ын малтлага судалгааны ажлыг санхүүжүүлэн ажиллаж эхэлсэн байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.