Дэлхий дахинд
Хакерууд Пакистаны банкнаас 6 сая ам.доллар хулгайлжээ
Олон улсын хакерууд Пакистаны “BankIslami Limited” банкны үйлчлүүлэгчдийн данснаас 6 орчим сая ам.доллар хулгайлсан байна. Хакерууд амралтын өдрүүдээр үйлчлүүлэгчдийн данснаас нэг дор их хэмжээний мөнгө авах замаар энэхүү гэмт хэргээ үйлджээ.
Одоогийн байдлаар тус банкны зүгээс үйлчлүүлэгчдийн төлбөрийн картын гадаад, дотоод гүйлгээг хаах арга хэмжээ аваад байгаа бөгөөд өөрийн биеэр банкны үйлчилгээ авахыг үйлчлүүлэгчдэдээ анхааруулсан байна.
Банкны албаны хүмүүсийн мэдээлснээр, хакерууд өнгөрсөн долоо хоногт тус банкны мэдээллийн баазад халдаж, улмаар амралтын өдрүүдээр хулгайлсан мэдээллээрээ олон орны картын үйлчилгээний цэгүүдээс мөнгө гаргаж авсан байна. Энэ нь Пакистаны түүхэн дэх хамгийн том банкны дээрмийн хэрэг ажээ.
“Одоогийн байдлаар 5000 гаруй төлбөрийн картын мэдээллийг ашиглан 6 сая гаруй ам.долларыг хакерууд хулгайлаад байна. Гэвч банкны системийг хаасан ч гэсэн зарим нэг гүйлгээ хийгдээд байгаа учир хохирлын бодит хэмжээг гаргах боломжгүй байна” гэж нэгэн нэрээ нууцалсан албаны хүн мэдэгджээ.
ИСЛАМАБАД. /thebizupdate/