Дэлхий дахинд
Эмэгтэй шүүгч байж болохгүйг Афганистаны Дээд шүүх тайлбарлав
Талибуудыг засгийн эрхэнд гарахаас өмнө гивлүүр зүүдэггүй байсан учраас эмэгтэйчүүд шүүгч байж болохгүй хэмээн Афганистаны Дээд шүүх тайлбарласнаа мэдээлсэн байна. Нөгөө нэг шалтгаан нь эмэгтэйчүүд сунитын урсгалын ханафизмын хуулийг мэдэхгүй байгаа явдал гэнэ.
“Эмэгтэй шүүгчид шариатын болон хуулийн бүрэн мэдлэг эзэмшээгүй учраас Ханафитийн мазхабын үндсэн дээр зөвшөөрөх аргагүй. Өөр нэг шалтгаан нь гивлүүр. Өмнөх нийгмийн үед заавал гивлүүр зүүх шаардлагагүй байсан. Энэ бүхэн нь эмэгтэйчүүдийг ажилд томилох, ажил үүрэг гүйцэтгүүлэхэд саад болж байгаа таагүй байдал” гэж Афганистаны Дээд шүүхийн мөрдөн шалгах, шинжилгээний хэлтсийн тэргүүн Хизбуллы Эбрахими хэлжээ.
Талибууд АНУ болон холбоотны цэргүүд тус улсаас гарч явсны дараа 2021 оны наймдугаар сард нийслэл Кабулд орж ирэн засгийн эрх авсан юм. Үүний дараа есдүгээр сард BBC News хэвлэл афганы эмэгтэй шүүгчид талибуудаас нуугдахад хүрч байна гэж мэдээлсэн. Энд бичсэнээр бол талибууд засгийн эрхэнд гарсны дараа амь насанд нь аюул заналхийлсэн гэж нэг эмэгтэй шүүгч ярьсан байна. Талибуудыг засгийн эрхэнд гарах хүртэл тэр шүүгч эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, алсан, тамласан хэдэн зуун эрэгтэйд ял өгч байсан гэнэ.
Талибууд засгийн эрхэнд гарсныхаа дараа шариатын хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэнэ гэж амлаж байсан ч цаг хугацаа өнгөрөх тутам төрөл бүрийн хориг тавьж эхэлсэн юм. Тухайлбал онгоцонд эмэгтэйчүүд эрэгтэй хүнгүйгээр нисэхийг хориглосон. Энэ бүхнийг эмэгтэйчүүд эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулж байлаа. The New York Times сонинд бичсэнээр бол ийм жагсаал цуглаанд оролцсон эмэгтэйчүүд талибуудын зүгээс дарамт шахалт, хэлмэгдүүлэлд өртөж байгаа гэнэ.