Дэлхий дахинд
Оросын цохилтын улмаас хэд хэдэн хотод цахилгаан тасрав
Оросын цэргийн пуужин, их бууны цохилтын улмаас ням гарагт Харьков, Донецк муж, Запорож, Днепропетровск, Сумск мужийн зарим газарт цахилгаан тасалдлаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлээд телеграмм сувагтаа оросын цохилтын дүрс бичлэгийг нийтэлжээ.
Оросууд Харьков мужийн дэд бүтэц, иргэний байгууламжууд руу цохилт өглөө гэж Харьков хотын мэр Игорь Терехов мэдээлсэн байна. Энэ үеэр нэг хүн амь үргэдсэн гэж аврагчид мэдээлжээ.
“Энэ цохилтын улмаас хотын олон районд гэрэл цахилгаан тасарч, усан насос ажиллагаагүй болсноос усгүй боллоо” гэж Игорь Терехов мэдэгдсэн байна.
Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк энэ тухайд оросууд Харьковын дулааны тавдугаар цахилгаан станц ТЭЦ-5 руу цохилт өгсөн гэжээ. ТЭЦ-5 нь Харьков мужийн ихэнх хэсгийн цахилгаанаар хангадаг гол станц юм байна.
“Оросын цэрэг иргэний гол байгууламжууд, үүн дотроо Харьковын томоохон цахилгаан станц ТЭЦ-5 руу цохилт өгсөн нь энгийн ард иргэдийг гэрэл цахилгаан, дулаангүй болгох гэсэн шууд түрэмгийлэл, террорист үйлдэл. Энэ бол өөрийн армийг тулааны талбараас зугтаахад хүргэх хариу амсахын цондон” гэж Подоляк онцлон тэмдэглэсэн байна.
Днепропетровскийн захиргааны дарга Валентин Резниченко ч бас “Оросууд эрчим хүчний эх үүсвэр лүү цохилт өгсний улмаас хэд хэдэн хот, мужийн зарим нийгэмлэг гэрэл цахилгаангүй болоод байна” гэжээ.
Полтав, Сумск, Запорож, Донецк мужуудад ч олон суурин газар бас гэрэл цахилгаан тасарсан тухай мэдээлэл байна. Сумск мужийн цэргийн захиргааны дарга Дмитрий Живицкий цахилгаан хангамжийг бүрэн сэргээсэн тухайгаа телеграмм сувгаараа мэдээлсэн байна.
Полтав мужид ч цахилгаан хангамжийг сэргээснээ цэргийн захиргааны дарга Дмитрий Лунин мэдээлжээ.
Ням гаргийн өглөөгүүр оросын флотоос далавчит пуужин харвасны улмаас Украины ихэнх муж, Крым болон, баруун нутагт ч агаарын түгшүүр зарласан байна.