Дэлхий дахинд
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Армянд хүч илгээнэ
Армян, Азербайжаны хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарч нөхцөл байдал хурцадсаны улмаас Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага өөрийн төлөөлөгчдөө тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Засиар толгуулан Армян руу илгээх гэж байна. Энэ хүчин Азербайжантай сөргөлдөөнтэй байгаа бүсэд очиж нөхцөл байдлыг намжаах талаар илтгэл бичиж гишүүн орнуудын тэргүүнүүдэд өгөх юм байна. Төлөөлөгчдийн бүрэлдхүүнд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын нэгдсэн штабын дарга хурандаа генерал Анатолий Сидоров, гишүүн орнуудын төлөөлөгчид орж байгаа юм.
Үүний зэрэгцээ Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын зөвлөлийн хуралдаанаас нөхцөл байдлыг байнга хянаж байх ажлын хэсэг байгуулахаар болжээ. Тус зөвлөлийн онлайн хуралдаан есдүгээр сарын 14-нд Ереваны хүсэлтээр болсон байна.
Энэ долоо хоногийн мягмар гарагт Армян, Азербайжаны хил дээр буудалцаан болж, талууд бие биенээ өдөөн хатгалга үйлдлээ хэмээн буруутгаад байгаа юм. Армяны тал өглөө нь Орос болоод Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандсан юм.
Азербайжаны цэргүүд манай нутаг дэвсгэр лүү гал нээлээ гэж Армяны тал мэдэгдсэн. Ереваны мэдээллээр бол Баку нисгэгчгүй аппарат ашиглан өөрийн нь хэд хэдэн байрлал руу гал нээсэн гэнэ. Азербайжаны галд хил орчмын Гегаркуникск, Вайоцзорск, Сюникск мужууд өртсөн гэжээ.
Харин Баку болохоор Ереван манай хил дээр цэргийн байрлал руу гал нээснээр мөргөлдөөн эхэлсэн гэж мэдэгдээд байгаа юм. Армяны тал энхийн үйл явцыг тасалдуулахаар оролдсон гэж Азербайжаны Батлан хамгаалах яам буруутгаж байна.