Спорт
Зүүн Азийн олимпын хорооны албаны төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж байна

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажилтай танилцах, газар дээр нь шалгах, зөвлөгөө өгөх зорилгоор Улаанбаатар хотод ирээд буй Зүүн Азийн олимпын хорооны албаны төлөөлөгчид өнөөдөр Олимпик хауст зочилж, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатартай ажил хэргийн яриа өрнүүллээ.
Уулзалтад Зүүн Азийн олимпын хорооны Дүрэм болон спортын хорооны дарга Вэй Дайшунь, тус хорооны гишүүн Пак Ин Кю, ЗАОХ-ны нарийн бичгийн албаны ажилтнууд, “Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр болон албаны бусад хүмүүс оролцов.
МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Улаанбаатар 2023” наадмын Зохион байгуулах хорооны Олимп дэд хорооны дарга Ч.Наранбаатар Монгол Улс олон төрөлт спортын наадмыг анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйг онцлон дурдаад, “Энэхүү наадмыг зохион байгуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг байх болно. Зүүн Азийн залуучуудын наадам болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Бидэнд хийх ажил их байна. Та бүхний туршлага, зөвлөгөө, дэмжлэг их хэрэг болно. МҮОХ-ны зүгээс бүх талаар тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа” гэв.
Зүүн Азийн олимпын хорооны төлөөлөгчид хоёр хоногийн хугацаатай ирсэн бөгөөд тэмцээн уралдаан зохиогдох ордон, газрууд, тамирчдын байрлах зочид буудал, үйлчлүүлэх эмнэлэг, допингийн шинжилгээ авах газруудтай биечлэн танилцана.
Энэ талаараа Вэй Дайшунь “Бид ирсэн даруйдаа тэмцээн болох зарим газартай танилцлаа. Зохион байгуулах хороо ажлаа сайн хийж байна гэж дүгнэж байна. Ирэх жилийн наадам хүртэл хийх ажил их болохоор цаашид бид өдөр бүр цахимаар уулзалдах болно. Мэргэжлийн зөвлөгөө, шаардлагатай зөвлөмжөөр хангаж ажиллана” гэжээ.
Түүнчлэн Дүрэм болон спортын хорооны гишүүн Пак Ин Кю БНСУ 1980-аад онд Азийн наадам болон олимпын наадам зохион байгуулсны дараа эдийн засаг нь хурдтай хөгжсөнийг дурдаад “Улаанбаатар-2023” наадам Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байгаагаа өгүүлэв.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.