МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад албан айлчлал хийж байна.
Хоёр орны сэтгүүлчдийн байгууллага 2014 оноос эхлэн хамтран ажиллаж буй бөгөөд 2019 онд хоёр орны сэтгүүлчдийн анхдугаар форумыг зохион байгуулж байв. Цар тахлын улмаас завсарлаад байсан хоёр байгууллагын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх бодлогоо МСНЭ-ийн удирдах зөвлөл болон БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл өнөөдөр зөвлөлдөж уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтад МСНЭ-ийг төлөөлөлж Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа, Харилцаа хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Б.Ууганбаяр, МСНЭ-ийн сайт хариуцсан дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Сонин сэтгүүл хариуцсан дэд Ерөнхийлөгч Б.Нямдорж, Радио хариуцсан дэд Ерөнхийлөгч Ц.Ариунаа, Телевиз хариуцсан дэд Ерөнхийлөгч Ч.Бат-Оргил, орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч Д.Батчимэг, УЗ-ийн гишүүн Д.Отгонжаргал, МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Болортулга, МСНЭ-ийн гадаад харилцааны зөвлөх Д.Тодням нар оролцов.
БНСУ-ын сэтгүүлчдийн холбоог төлөөлж холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун, дэд ерөнхийлөгч Гү Ён Шиг, Ким Хе Вон, Им Вон Шиг, Ли Сан Хак, Улсан хотын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Чу Юүн Жэ, Редакторын тусгай хорооны дарга Ким Ён Хы, MBN салбар зөвлөлийн Ерөнхийлөгч Ан Бу Рам, Гуанжу, Чоннам сэтгүүлчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Шин Дэ Хы, Солонгосын сэтгүүлчдийн холбооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Ким Сан Хён нар байлцлаа.
МСНЭ-ийн зүгээс хоёр байгууллагын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах санал тавив. Монгол-Солонгос сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг зохион байгуулах хугацааг ойрын хугацаанд төлөвлөж, БНСУ-д зохион байгуулахаар боллоо. Хоёр байгууллагын төлөөлөгчдийн харилцан туршлага солилцох ажлыг илүү манлайлал хэлбэрт шилжүүлэхээр тохиролцов.
МСНЭ-ээс сэтгүүлчдээ БНСУ-д богино болон урт хугацааны сургалтад хамруулах тал дээр эхний шатны яриа хэлэлцээг байгууллаа. Энэ хүрээнд хоёр талаасаа санаачлагатай ажиллаж ойрын хугацаанд ажил хэрэг болгох тал дээр анхаарахаар болов.
Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх тал дээр зөвлөлдлөө. Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага хоорондыг холбох ажлыг сэтгүүлчдийн холбоод зохион байгуулж, гүүр болон ажиллана. Редакци хоорондоо олон талаар хамтран ажиллах талаар эхний санал гарав.
МСНЭ болон БНСУ-ын сэтгүүлчдийн холбоо нь хоёр орны хэвлэл мэдээллийн хоорондын харилцаанаас гадна аялал жуулчлал, соёл зэрэгт үлгэр болохуйц ажлыг санаачлан хэрэгжүүлдэг байхаар ярилцлаа.
Хуурамч мэдээлэл, дэлхийн дулаарал гэх мэт сэдвийн хүрээнд дараа дараагийн туршлага солилцох айлчлалыг зохион байгуулахаар санал гарав.
Энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Өнөө өглөө хоёр тал тодорхой асуудлаар санал солилцлоо. МСНЭ, БНСУ-ын сэтгүүлчдийн холбоотой 2014 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
Найман жил үргэлжилж буй хамтын ажиллагаагаа цаашид нэг шат ахиулах, улам гүнзгийрүүлэх талаар ярилцлаа. БНСУ-ын сэтгүүл зүйн салбараас монголын сэтгүүлчид туршлага судлах, сэтгүүлч солилцоонд анхаарал хандуулах талаар бид хүсэлтээ илэрхийлсэн.
Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг БНСУ-д 2023 онд зохион байгуулна. 25 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг форумд оролцоно. 10 дугаар сард багтааж МСНЭ-ийн төлөөлөл БНСУ-д айлчлахаар болсон.
Найман жилийн хамтын ажиллагааны санамж бичгийг нэг шат ахиулж үзэглэхээр боллоо” гэв.