Монголын Улсын төр засаг хэдийнээ 14-15 хувь хүрээд байгаа инфляцийг бууруулах, валютын ханшийг тогтоон барихын оронд хоногийн холоо яая гэж байгаа ард иргэдээ түрхэн зуур ч болов аргацааж, сэтгэл санааг нь аргалахын тулд Өмнөд Солонгост 15 хоногоор визгүй зорчих хэлэлцээрт хүрчээ. Амь зуухын эрхэнд багш нар нь зуны амралтаараа, эмч нар нь ээлжийн амралтаараа Солонгост очиж эмэгтэйчүүд нь буудлын үйлчлэгч хийж, эрчүүд нь барилга дээр ажилладаг монголчуудаа хамгийн ихээр харж үзэж байгаа нь энэ. Энэ мэдээж МАН-ын 2014 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, тайланд томоохон үзүүлэлт болж, “бид ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх гэж Солонгос руу визгүй зорчдог болгосон” гэсэн нэг өгүүлбэр болно л доо.
Манай ихэнх иргэн, ер хэн нь ч байлаа Солонгос руу аялаагүй, зорчоогүй хүн тун цөөн. Бүгд л бэл бэнчингийнхээ хэрээр зарим нь аялж зугаалж, байгалийн сайхан, түүхэн дурсгалт газруудыг нь үзэж, зарим нэг нь буудал, зоогийн газар, гуанз цайны газарт ажиллаж хэд гурван төгрөг халаасалсан. Нэг хэсэг нь очоод “харлаж” хэдэн жилээр нуугдаж суурьшин ажил алба эрхэлж хэд гурван төгрөг хуримтлуулан энд ирж ахуй амьдралаа дээшлүүлсэн. Бас ч гэж чамлалтгүй ээ, ихэнх нь машин, орон сууцны мөнгөтэй болж ирсэн бол, овсгоотой нэгэн нь арилжаа наймаа, бизнес эрхлэх арга ухаанд суралцаж эндээ түүнийгээ хөгжүүлэх гэж оролдсон. Харамсалтай нь манай төр засаг энэ бүхнийг торгууль төлөөс, элдэв зөвшөөрөл мэтээр шахан хавчин гадуурхаж урам зоригийг нь мохоож өнөө хүрч байгаа.
Ийм ч болоод тэр үү, олон түмний сэтгэл санааг дагуулаад ч тэрүү МАН-ын троллууд Солонгос визгүй зорчуулах энэ шийдвэрийг “манай төр засаг ард түмнийхээ төлөө түүхэн чухал шийдвэр гаргалаа” гээд олон нийтийн сүлжээгээр бичиж эхэллээ.
Угтаа бол хаа нэгтэй хагас сараар яваад ирэх нь бүү хэл, хаашаа ч явалгүйгээр эх орон, орон гэртээ байгаад хажуу дэргэдэх худалдааны төв, жижиг дэлгүүр ороход өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдхүүний үнэ ханш нь нэг их нэмэгдчихгүй л байвал хаа холын Солонгос руу зорчих, хаа байсан Хавайд амрахаас илүү баймаар.
Манай төр засгийн ард иргэдийнхээ төлөө хэрэгжүүлээд байгаа Солонгос руу хагас сараар визгүй зорчих нь өнөөдөр үнийн дарамтад сөхрөөд байгаа ард иргэдэд хэр ашиг тустай, хэд нь ингэж тансаглаж аялж зугаалж чадах юм бэ. Коронавирусын үеийн хил хязгаарын хөл хорио, орос-украины дайнаас үүдэлтэй хөрш орнуудын эсрэг тавьсан элдэв хязгаарлалт энэ тэрээс болоод угаасаа хэрэгцээт бараа бүтээгдхүүнийхээ 90 гаруй хувийг гадаадаас, хөрш хятадаас авдаг манай орны иргэдийн хэд нь зүгээр л 15 хоногоор Солонгос улс руу аялж зугаалж, амарч тансаглаж явж чадах юм бол…
Тэртэй тэргүй өдөр тутмын амьдралд нь хүрэлцэхгүй байгаа цалин, тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр далайн цаадах Солонгос орныг үзэх гэж хэдэн хүн явах бол…Тэгээд бас болоогүй Солонгост очоод зугтаж бултахгүй, эргэж буцаж ирнэ хэмээн 50 сая төгрөгөө баталгаа болгон үлдээнэ гээд байгаа. Эдийн засгийн ийм хямралтай үед хадгаламжиндаа 50 сая төгрөг хийчихээд, дээр нь Солонгос руу ирж буцах нислэгийн зардал төлөөд, бас ч гэж хүний нутагт очоод нэг их зүйл худалдаж аваад байдаггүй юм гэхэд өлсч цангахгүйгээр хол цай ууж идээд байх мөнгө төгрөг халааслаад явах хүн хэд байгаа юм бол…
Чухам авлига, хахуулиар амжиргаагаа залгуулдаг энэ авлигажсан төрийн албан хаагчдаас л биш бол өнөө маргаашаа аргацааж ядаж байгаа ажилтан, тэтгэврийнхэн л лавтай ингэж зугаацмааргүй мэт.