Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих асуудал өчнөөн жил гацаж баруун таван аймаг ОХУ-аас өндөр үнэтэй цахилгаан эрчим хүч авсаар, улос өчнөөн ам.долларын өрөнд орж оросууд заримдаа цахилгаанаа тасалж сандаргасаар.
Уг нь усан цахилгаан станц браих төсөл зураг, ТЭЗҮ нь хэдийнэ эбэлэн болж бүр тэр хавьд нутагладаг айл өрхүүдэд өгөх нөхөн төлбөрийг ч тооцоолоод гаргачихсан ч “газар нутаг, байгаль орчноо хамгаалагч эх орончид” гацаасаар л.
Ер яах гэж заавал усан цахилгаан станц барих гээд байгаа билээ. Асуудал нь ОХУ-аас эрчим хүч импортоор авдгаа болих, аюулгүй байдал, эрчим хүчний хараат бус байдал энэ тэрдээ ч биш ер нь л улсаараа эрчим хүчний хомсдол, дутагдалд орчихолгүй байхад л оршиж байгаа хэрэг.
Бүр аль нэг улс орныг хохироох гээд ч юм уу, ялах гээд ч юм уу, түүний тулд юм шиг байдлаар л асуудлаа ярихаа одоо больж бодит үнэнийг тунгааж үзэх цаг болсон юм биш үү.
Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станцыг барих юм бол өчнөөн га газар, бэлчээр, ой усан дор орж байгаль экологид сүйрэл дагуулна гээд л нэг нь бичих. Нөгөө нь болохоор хүн амьтан бараг нутагладаггүй уулын хавцалд усан санг нь байгуулна гээд л бичих.
Ер баруун таван аймгийн хувьд эрчим хүчээ Оросоос авсаар байгаа нь нэгдүгээрт эрэлт хэрэгцээ асар их байхад, төвийн хэдэн станцаас эл хэрэгцээг нь хангаж чадахгүй байна гэсэн үг, хоёрдугаарт гэвэл байгаль, газарзүйн онцлог нь сэргээгдэх буюу уснаас эрчим хүч гарган авах асар бололцоотой. Ганц Эрдэнэбүрэнгийнхч биш, өөр УЦС цаашид баруун аймгуудад хаа сайгүй баригдах бололцоотой.
Монгол Улс нүүрсний нөөцөөр баян, нүүрснээс эрчим хүч гаргах үйлдвэр нь анхны хөрөнгө оруулалт-өртгийн хувьд усан цахилгаан станцаас төсөр ч ашиглалтын зардал нь илүү өндөр, үр ашгийн үзүүлэлт багатай. Нөгөө талаар дэлхий нийтээрээ хүлэмжийн хийг багасгах, нүүрсээр ажилладаг дулааны станц нэмж барих нь бүү хэл, одоо байгаануудаа хааж эхэлж байхад бид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр лүү шилжихгүй байхын аргагүй.
Тэгээд ч хатуу түлшний буюу нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц барья гэхэд дэлхий даяараа ийм станцаас татгалзаж байгаа өнөө үед ийм дэвшилтэд шинэ технологи хайхад хэцүү болж байна. Тэгээд ч бидэн шиг ядуу улс “нүүрсээр ажилладаг цахилгаан станц барих гэсэн юм” гээд зээл тусламж гуйгаад хадаг барин бадарчлаад явахад санхүүжилт өгөх улс орон, олон улсын байгууллага олдох уу.
Тэгэхээр хамаг гол мөрөн нь гадагшаа “зугтаж” гардаг манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчний нэг гол төрөл нь Усан цахилгаан станц байх нь дамжиггүй.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Засгийн газрынхаа хөнгөлөлттэй зээлээр барьж өгөх гээд байгаа Хятад улс гэхэд нүүрстөрөгч ялгаруулагч эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн ангижрах бодлогоо хэрэгжүүлж яваа улс. Өдгөө сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан эх үүсвэр, үүний судалгаанд зарцуулсан хөрөнгө оруулалтаараа дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Тэд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих хөрөнгө гаргахаас гадна шинэ технологи оруулж ирнэ. Бид улам бүр өсөн нэмэгдэх эрчим хүчээ шийдэж явахаас өөр аргагүй.
Дэлхий нийтээрээ нүүрс түлж, хүлэмжийн хий ялгаруулдгаасаа ангижрах гэж сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, атомын цахилгаан станц ярьж байгаа өнөө үед бид цаг үе, дэлхийн жишигтэй хөл нийлэхээс аргагүй.
Эсэргүүцэн тэмцэж элдвээр хэлэхийн оронд мэргэжлийн хүний үг, ойр холын ирээдүй, хойч үеэ бодож эргэцүүлэн хамгийн зөв шийдэлд хүрэх ёстой биш үү.