Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн энх тайвны хөгжил болон Солонгосын нэгдлийг дэмжих Монголын Форум 2022 оны есдүгээр сарын 21-нд эхэллээ. Энэ удаагийн форум нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статустай болсны 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Энэхүү арга хэмжээний нээлтэд АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, БНСУ, Япон, Монгол Улсын 16 төлөөлөгч оролцсоны дотор Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, дипломатч, олон улсын хуульч Ж.Энхсайхан, Солонгос судлалын төвийн захирал, доктор Б.Лхагваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Стэнли Клеческий, БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Мён Су Ли, Их Британи улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд асан Жон Эверард тэргүүтэй зочид, төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Сүүлийн хэдэн арван жилийн турш Зүүн хойд Азийн бүс нутагт харьцангуй энх тайван байдал тогтож, эдийн засаг хурдацтай хөгжин, интеграцчилагдаж ирсэн. Гэвч Украинд болсон дайнаас шалтгаалан олон улсын харилцаанд харилцан итгэлцэл дутагдаж, шинэ сорилтууд гарч ирж, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн улам бүр нэмэгдсээр буй юм. Үүний улмаас Зүүн хойд Азийн бүс нутаг багагүй хүндрэлтэй асуудлуудтай тулгарч байгаа билээ. Эдгээрээс нэн тэргүүний, чухал асуудал бол аюулын сүүдэр нь хараахан арилаагүй байгаа COVID-19 болон Солонгосын хойгийн хурцадмал байдал юм.
Хэдийгээр Монгол Улс хүн ам, эдийн засаг, цэргийн хүчин чадлаараа харьцангуй жижиг улс ч гэлээ бүс нутгийн улс орнуудтай найрсаг харилцааг хөгжүүлдэг. Улс төр, эдийн засгийн шинэчлэлийг нэгэн зэрэг амжилттай нэвтрүүлж, зах зээлийн эдийн засагтай ардчилсан улс болсон түүхтэй.
НҮБ-ын Нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ оны наймдугаар сарын 9-ний өдөр хэлсэн үгэндээ, Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх статусын үлгэр жишээ бодлого хэрэгжүүлснээс гадна олон улсын энхийг сахиулах ажиллагаа, бүс нутаг дахь энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд үлэмж хувь нэмэр оруулж байгаа чухал тоглогч юм гэж хэлсэн билээ. Мөн тэрбээр “Монгол Улс өнөөгийн зөрчилтэй дэлхий ертөнцөд энх тайвны бэлгэ тэмдэг болж байна” гэж онцлон тэмдэглэсэн юм.
Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх бодлогыг зарлан хэрэгжүүлж эхэлсний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Уг бодлого нь олон улсын хамтын нийгэмлэгийн байгуулах гэж зорьж буй цөмийн зэвсгээс ангид ертөнцийг байгуулахад дэмжлэг болж байгааг форумд оролцогчид онцолж байлаа.
Нэг Солонгос Сан, Нэгдсэн Солонгосын төлөөх үйл ажиллагаа, Солонгосын Нэгдлийг дэмжих Монголын форум, Цэнхэр сүлд Дэлхийн энх тайвны сангийн хамтран зохион байгуулж буй энэ удаагийн Монголын форумд Зүүн хойд Азийн Аюулгүй байдал, Стратегийн хүрээлэн, Нэгдсэн Солонгосын төлөөх үйл ажиллагаа байгууллагын Профессоруудын холбоо Чунгнамын Үндэсний Их сургуулийн дэргэдэх Үндэсний Стратегийн Хүрээлэн, Азийн Институт, Аялал жуулчлалаар дамжуулан Энх тайвныг тогтоох олон улсын хүрээлэн түнш байгууллагаар оролцов.
Соvid-19-ийн хязгаарлалтын улмаас өнгөрсөн 2020, 2021 онуудад Монголын форумыг цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Харин энэ удаагийн форумд геополитикийн өнөөгийн орчин, нөхцөл байдлыг судалж авч болох арга хэмжээг тодорхойлох, мөн салон болох арга хэмжээг тодорхойлох, салбарын онцлог, цогц шийдлүүдийг гарган сурталчлах зорилгоор бүс нутгийн залуу удирдагчид болон дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй шинжээчид, бодлого боловсруулагчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудын удирдагчдыг урьсан байна.