Техникийн ухааны доктор Б.БАТ-ОЧИР
Ураны тухай ярихын өмнө энэ ашигт малтмалын хайгуул, нөөцийн талаарх манай улс дахь түүхэн цөөн тайлбараас эхлэх нь зүйтэй юм. Манай улсын хувьд ураны судалгаа 1977 оноос тухайн үеийн ЗХУ-ын техник технологи, санхүүжилтээр хаалттай хийгдэж эхэлсэн ба 1994 оноос Хамтарсан хөрөнгө оруулалттай Гурвансайхан ХХК байгуулагдсанаар үндэсний боловсон хүчний оролцоотойгоор ураны хайгуул судалгааг явуулах болсон. Харин 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр хайгуул судалгааг хувь хүн, компани явуулах харьцангуй нээлттэй хууль эрх зүйн орчин бий болсноор ураны судалгаанд дэлхийн тэргүүлэгч уул уурхайн компаниуд болох Камеко, Кожема (одоогийн Орано) зэрэг компаниуд хөрөнгө оруулах болсон ба мөн нэлээд орны хөрөнгө оруулагчид энэ чиглэлд хайгуулын хөрөнгө оруулалт хийж 2009 оны байдлаар 30 гаруй компани ажиллаж 40 орчим тусгай зөвшөөрлийн талбайд жилдээ 20 гаруй сая ам.долларын хайгуул судалгааг явуулах болсон.
Мэдээж хайгуулын ажил бүр амжилттай бус 10 хайгуулын талбайгаас нэг орд олдвол амжилттай гэж үздэг жишигтэй тул гаднын хөрөнгө оруулалтаар хайгуул хийсний үр дүнд хуучин ЗХУ-ын үед нээгдсэн Мардайн район дахь 40 орчим мян.тн ураны үндсэн ордуудын нөөцөөс гадна анх удаа 2009 оноос эхлэн говийн бүс дэх элсэн чулуунд орших маш бага сарнимал агуулга бүхий гидроген төрлийн орд газруудыг нээснээр өнөөдрийн байдлаар МУ-ын ураны нийт нөөц 200 мян. тн орчимд хүрээд байна.
Ураны олборлолт дэлхийн хэмжээнд жилд 60 мян.тн байдаг тул жонш, төмөр, нүүрстэй харьцуулахад нэн бага тоо боловч уран олборлож энэ чиглэлийн үйлдвэрлэлийг энхийн зориулалтаар хөгжүүлэх нь манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд эрс өргөх бөгөөд цаашид өндөр технологийн цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн суурь нөхцөл болж, хямд ногоон эрчим хүчээр улс орноо ханган эдийн засгаа хөгжүүлэх нэн таатай боломж бүрдэх юм.
Мэдээж 40 мян.тн-оос тав дахин ихээр нөөц нэмэгдүүлсэн нь сайн хэрэг боловч ашиглалтын асуудлыг иргэний хөдөлгөөн, элдэв цуурхал таамаглалаас болж өнөөдөр хүртэл Засгийн газар, холбогдох байгууллагууд дорвитой нээж тавихгүй байгаа нь энэ салбарын хөгжлийг шууд боомилж байна.
Нийт ажиллаж байсан 30-аад компаниас өнөөдөр хоёр компани л өөрсдийн нээсэн орд газрууддаа хөрөнгө оруулж үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ажлынх нь амжилттай явагдах боломж нөхцөл хаагдмал, мөн л иргэний хөдөлгөөний барьцаанд орсон зогсмол байдалтай байна. Бусад компаниуд ажлаа орхин гарах нь гарч, зогсох нь зогссоныг ашигт малтмалын мэдээллээс харж болно. Энэ байдалд мөн өнөөдөр мөрдөж байгаа бодлого, хууль эрх зүйн орчин нөлөөлж байна. Цацраг идэвхт ашигт малтмалын тухай бодлого, хууль нь 2009 онд батлагдан гарсан боловч энэ салбарт дорвитой өөрчлөлт, үр дүн авчирсангүй. Муугаар хэлбэл, “Ханресурс” гэсэн компанид албан ёсоор олгосон тусгай зөвшөөрлөө цуцалсан шалтгаанаар олон улсын шүүхийн шийдвэрээр 70 сая ам.долларын төлбөрийг төсвийн мөнгөөр гаднын хөрөнгө оруулагчид төлснөөс өөр гавьсан ажилгүй байна. Мөн тухайлбал батлагдсан бодлого нь тодорхой, ойлгомжтой бус, уранаа ашиглах чиглэлтэй гэх авч өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар нь хэн ч ураныг ашиглах боломжгүй, хөрөнгө оруулах нөхцөл хомс болгож байгааг одоогийн энэ 30 компаниас хоёр компани л арга буюу үлдэж ажиллаж байгаа зэргээр тодорхой ойлгож болно.
Өнөөдрийн нөхцөл байдал нь уран олборлох байтугай зүгээр хайгуул хийх боломжгүй болж улам дордсоор байгааг Засгийн газраас анхааран үзэх хэрэгтэй болоод байна. Ураны хайгуул нь жонш, нүүрс, болон бусад ашигт малтмалтай ижил арга аргачлалаар хийгддэг, ямар ч хорт бодис ялгарах боломж нөхцөлгүй юм. Энэ байдлыг мэргэжлийн хяналтын байгууллага, лабораториуд газар дээр нь тодорхойлж улсаас албан ёсоор иргэдэд таниулж мэдээлэх, нөгөө талаас ийм ажлыг зогсоосон иргэдэд зөрчлийн хуулиар хариуцлага тооцох асуудал нэн үгүйлэгдэж байна. Мөн аймаг сумын удирдлага ч энэ чиглэлд анхаарч хариуцлагатай ажиллах ёстой. Ер нь ураны хайгуул байтугай олборлох үйлдвэр ч ямар ч аюулгүй, бусад хөдөө аж ахуйн салбаруудтай зэрэгцэн оршдогийг Казакстан, Австрал дахь олон жил ураны олборлолт явуулж буй районууд харуулж байгааг хэн бүхэн ойлгох боломжтой.
Үүний жишээ нь Дорнод аймаг дахь Мардайн районы 1987 онд уран олборлож байсан газарт одоо 35 жил өнгөрсөн ч нэг ч хордлого, нөлөөлөл илэрсэнгүй өнөөг хүрсэн. Энэ Мардайн районы үндсэн чулууны гаралтай ураны дөрвөн орд нь одоо нээгдээд байгаа Дорноговь, Дундговь аймаг дахь говийн бүсийн орд газруудаас 10-20 дахин өндөр агууламжтай орд газрууд юм.
Мөн Гурвансайхан ХХК нь 1994 оноос өнөөг хүртэл 28 жил говийн бүсэд хайгуулын ажил явуулахын зэрэгцээ, олборлох технологийн туршилт шинжилгээг хийсэн ч өнөөг хүртэл ямар нэг хордлого, гамшиг үүсээгүй бөгөөд дээрх районуудад Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын байгууллага ч тогтмол хэмжилт ажиглалтыг хийж ирсэн.
Дундговийн Өлзийт сумын нутагт 200 ямаа 2005 онд үхсэнийг Гурвансайхан ХХК-ийн хайгуулын ажилтай уялдуулан тайлбарладаг. Энэ бас худал. Учир нь ямар ч хорт бодис ураны хайгуулаас гарахгүйгээс гадна нэгд тухайн газар нутагт 1998 оноос хойш 2007 он хүртэл ураны хайгуулын ажил хийгдээгүй, хоёрт 2004-2005 онд өмнө жил нь гантай, өвөл нь ч зудтай байснаас болж хавар ногоо бараг ургалгүй байсаар зургадугаар сарын сүүлээр гэнэт бороо орж таана гарсан нь ямаа таананд хордох нөхцөл үүссэнийг тухайн үед ирсэн халдварт өвчин судлах ажлын хэсэг тодорхойлсон бөгөөд зөвхөн энэ Буянтад биш Гурвансайхан, Дэрэнд ч таананд ямаа хордож үхсэн тохиолдол тэр үед гарсныг бусад сумдын иргэд ч нотолж байсан юм. Мөн Арева компанийн өрмийн шаврыг долоогоод 20 тугал үхсэн гэсэн шуугиан ч уранаас болоогүйг нь тухайн үеийн гадаад, дотоодын асар өндөр зардал гаргаж хийсэн шинжилгээгээр нотлогдсоныг олон нийт сайн мэдэж байгаа.
Ионжуулагч цацраг үүснэ, газар нутаг нь хордож олон хөл толгойтой мал гарна, удаан хугацаанд хордуулалт үүсэх зэрэг зохиомол сурталчилгааг тухайн бүсэд бус өөр газраас өдөөсөн байдлаар тэнд амьдрагчдыг уриалан үймүүлэх, нийгэмд тараах, сурталчлах асуудал хэрээс хэтрээд байна. Энэ бодит бус байдлыг орон нутгийн байгууллага, хууль хүчнийхэн, шүүх хүртэл ямар нэг байдлаар итгэсэн хандлага гаргах байдалтай байгаа нь ураны хайгуул олборлолтыг боомилох нөхцөлийг үүсгэж байна. Хэрэв ойр орчмын мал өвс ногооноос хордвол тэнд хайгуул хийж ажиллаж байгаа хүмүүс эхлээд л хордох ёстой, ийм үндэслэлгүй зүйлс хэт газар авсан.
Энэ асуудалд мэргэжлийн хяналт, хяналтын болон тусгайлсан лабораториуд тухайн газар нутагт хэмжилт хийж, дүнгээ тухайн орон нутгийнханд шууд танилцуулж илүү үнэн бодит мэдээллийг нийгэмд хүргэх, мөн геологи-уул уурхайн төрийн захиргааны байгууллагууд үнэн байдлыг газар дээр нь очиж таниулж зохицуулах шаардлага үүсээд байна. Эс тэгвэл харанхуй бүдүүлгээсээ болж уран гэсэн нэг төрлийн ашигт малтмалыг олборлох байтугай бусад ашигт малтмалыг ч манай газар нутгийг бүү хөнд, бид хаана амьдрах вэ гэсэн худал хувиа хичээгсдээс болж өнөөдөр болон маргаашийн олон жилүүдийн эдийн засгийн суурийг авч яваа уул уурхайн салбараа татан унагах жишиг тогтож магадгүй байна.
Бусад ашигт малтмалын хайгуул, олборлолт дээр ч ялгаагүй орон нутгийн иргэд газар нутгаа хамгаалж байна гээд хөөж туудаг, гэхдээ нинжа хэлбэрээр хууль бус их, бага хэмжээнд хууль бус олборлолт явуулагсдад юм хэлэлгүй мөнгө төгрөг авцгаадаг асуудал ч хэт газар авсныг хүн бүр мэдэж байгаа. Иймд өнөөдөр ураны хайгуулын ажил дээр тулгараад байгаа иргэний хөдөлгөөний гэх асуудлыг тал бүрээс нь тунгаан үзэж зохих ёсоор шийдвэрлэж тухайн хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжиж ажиллах нь зөвхөн хөрөнгө оруулагчийн бус улс орны нийлэг эрх ашигт нийцнэ.