Дэлхий дахинд
ОХУ: Замын тэмдгийн хэмжээг багасгана
Таван мужид хийсэн туршилтын дүнд замын хөдөлгөөний тэмдгийн хэмжээг багасгахаар ОХУ төлөвлөж байна. Замын хөдөлгөөнийг зохицуулах төвөөс мэдээлснээр туршилтыг 2017 онд Москва, Санкт-Петербург хот, мөн Саратов, Владимир, Калининград мужид эхэлжээ. Явган зорчигчийн ая тухтай байдлыг бодолцон энэ туршилтыг эхэлсэн бөгөөд жолооч нарын зүгээс ямар нэг эсэргүүцэл гараагүй ажээ.
Ингэснээр замын дөрвөлжин тэмдгийн хэмжээ 40×40 см, дугуй хэлбэртэй тэмдгийн диаметр нь 50 см болон багасгахаар төлөвлөж байна. Дөрвөлжин тэмдгийн харьцаа одоо мөрдөгдөж байгаагаар 60х60 байгаа юм. Замын тэмдгийн хэмжээг ингэж багасгах нь явган зорчигчдын харах орчныг хязгаарлахгүй, гудамж талбайн өнгө үзэмжийг гутаахгүйн дээр бага материал зарцуулснаар хөрөнгө хэмнэх сайн талтай гэж туршилтыг санаачлагчид үзэж байна. Тэдний тооцоогоор замын тэмдгийн өртгийг 40 хувь бууруулах юм.