Нийгэм
АТОМГҮЙ ҮНДЭСТЭН АМЬТНААС ӨӨРЦГҮЙ
Тал бичээч Да.ЖАРГАЛСАЙХАН
Цөмийн энергигүйгээр хүн төрөлхтөн оршихгүй болжээ…
Атомын цахилгаан станцаас татгалзахын тулд дараах зургаан асуултын хариуг мэд.
- Цөмийн хор аюулыг хамгийн их амссан, бие сэтгэлээрээ мэдэрсэн ард түмэн бол Япон. Тэд Атомын цахилгаан станцаар тэргүүлэгч орны нэг. Цөмийн хор хөнөөлийг мэддэг мөртлөө яагаад татгалзахгүй байна?
- Хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан Америк атомын цахилгаан станцын тоогоор тэргүүлж байна. Яагаад?
- Хятад, Орос, Солонгос, Канад гээд олон орныг нэрлэж болно. Соци маягийн тогтолцоотой, ардчилсан, бүр улаан коммунист орон, либерал үзэлтэй европын орнууд бүгд л цөмийн станцтай. Яагаад Монголд болохгүй гэж?
- Монгол яагаад үйлдвэрлэгч биш байна?
- Физик, тэр дундаа цөмийн физикт нээлт хийсэн эрдэмтэн бүхэн Нобелийн шагнал хүртлээ. Яагаад тэд энэ шагналын эзэн болдог юм?
- “Хортой” хэмээн бид айдаг “Шар нунтаг”- ийг бусад улс орон өндөр үнээр авъя гээд булаацалдаад байна. Яагаад? Зургаан яагаадын хариуг олчихвол Атомын цахилгаан станцын тухай овоо юм мэдээд авах байх. Би тэгсэн…
АТОМГҮЙ ҮНДЭСТЭН АМЬТНААС ӨӨРЦГҮЙ НҮҮРС ТҮЛЭХ НЬ НҮГЭЛ
НҮБ-аас хүлэмжийн хийг ялгаруулахыг хориглосон Монреалийн ба Киотогийн гэрээ программуудыг дэлхийн бүх улс орон дагаж хэрэгжүүлэхийг хатуу шаардаж байгаа. Олон улсын атомын энергийн агентлаг ОУАЭА (IАEA)- аас дулааны цахилгаан станцыг зогсоох, шинээр барьж байгуулахаас татгалзахыг, аргагүй шалтгаантай бол “нүүрсхүчлийн хий-СО2,-ыг барих ба хадгалах-CCS” технологийг заавал хэрэгжүүлэхийг бүх орнуудаас шаардаж 2050 он гэхэд хүлэмжийн хийг 50 хувиар багасгахыг уриалсан. Энэ бол 2050 он гэхэд дулааны станцаа зогсоогоорой л гэсэн үг. Яагаад гэвэл үхэлд хүргэж байгаа тав гол өвчний дөрөв нь нүүрснээс болж байгаа нь тогтоогдсон. Тиймээс нүүрс түлэх нь нүгэл гэж үзэх боллоо. Гэтэл манай хэрэглээ жилээс жилд өссөөр. 2013 онд 870 MВт хүрч хүчин чадлаас аа хэтэрсэн тул ОХУ-аас өндөр үнээр импортолж өвлийг өнгөрөөсөн. Гэтэл арван жилийн дараа 4000 МВт хүрэх төлөвтэй. Зөвхөн Оюутолгойд 350- 400 MВт эрчим хүч хэрэгтэй. Шинэ үйлдвэр, том том хороолол, бүхэл бүтэн компеклисоос эхлээд эрчим хүчний эх үүсвэрээр ажиллах маш олон бүтээн байгуулалт явагдаж байгаа боловч эрчим хүчээ шийдээгүй байна.
ЗУРГААН ТОНН НҮҮРСЭЭР ГАРГАХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭГ ГРАМ УРАНААР ГАРГАНА.
Монгол Улс дотоодын хэрэгцээнд 3,5 сая тонн нүүрс хэрэглэдэг байсан бол 2013 онд есөн сая 635 мянга болж өссөн. Таван жилийн дараа 20 сая тонн нүүрс хэрэглэнэ. Дулааны цахилгаан станц зургаан тонн нүүрсээр гаргах эрчим хүчийг Атомын цахилгаан станц ганцхан грам ураанаар гаргана. Зөвхөн УБ хот 2018 он гэхэд 20 сая тонн буюу 50 тонны даацтай 4000 вагон нүүрс хэрэглэх юм. Атомын цахилгаан станцтай бол ганц портер ураан хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзахгүй байгаа нэг гол шалтгаан энэ. Атомын цахилгаан станц хамгийн хямд цахилгаан гаргахаас гадна ашиглалтын зардал нь Дулааны цахилгаан станцаас 3-4 дахин бага, олон дэд бүтэцгүй, 11 дахин бага талбай эзэлдэг, хүлэмжийн хий ялгаруулахгүй байгальд ээлтэй гээд олон давуу тал бий. “Сүүлийн 50 жил дэлхийн хүн ам 2.5 дахин өсөж, нэг хүнд ноогдох эрчим хүчний хэрэглээ тав дахин өслөө. Нийт эрчим хүчний хэрэглээ 12 дахин нэмэгджээ. Иймээс атомын цахилгаан станц эрс нэмэгдэж байна. Жишээ нь: \2014 оны тоо. Түүнээс хойш маш ихээр өссөн\ Хятад, ОХУ, АНУ, Япон, БНСУ олон атомын станц шинээр барьж байна. Ийм жишээг Англи, Франц, Канад зэрэг орны хувьд ч дурдаж болно. Хөгжиж буй орнуудаас Вьетнам, Арабын Эмират, Йордани, Турк, Малайз, Индонез, Египет, Бангладеш, Тайланд, Филиппин, Шри-Ланка, Венесуэл, Кени зэрэг олон орон байна. Ихэнх нь Ази, Африкын хөгжиж буй орнууд (Энэтхэг, Хятад, Турк, Вьетнам, Бангладеш г.м.) Атомын цахилгаан станцуудын захиалгуудыг авч, хийхээр дэлхийд нэртэй Арева (Франц), РосАтом (ОХУ), Женерал электрик (АНУ), Тошиба (Япон) зэрэг том компаниуд ба сүүлийн жилд цоройн гарч байгаа Солонгос, Хятадын шинэ компаниуд өрсөлдөж байна. Монголоос бусад нь Атомын станцтай болох нь. (Атом биш цөмийн гэж нэрлэвэл илүү оновчтой байх)
АГААР МАНДАЛД ХҮНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ БАЙНА.
Дэлхийн агаар мандлын нөлөөлөл жилээс жилд өөрчлөгдөж байна. Орчин үеийн хүүхэд орчин үедээ таарсан сэтгэхүйтэй төрж байгаа нь анзаарагдаж байна. Технологийн эрин үеийн хүүхдүүд технологийг илүү хурдтай мэдрэх, сурах, ашиглах чадвартай байна. Хөгшчүүл “яа яа үе мөч өвдөөд тэнгэр муудах нь ээ” гээд сууж байдаг шүү дээ. Тэгээд л тэнгэр мууддаг. Байгалиас хүнд дохио өгч байна. Агаар мандалд хүнд нөлөөлөх хүчин зүйл байна. Харагдахгүй, баригдахгүй, сонсогдохгүй, амтлагдахгүй энерги байгаагийн баталгаа. Тиймээс технологийн эрин өөрийнхөө бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна гэж ойлгогдохоор байна. Урьд өмнө нь гарч байгаагүй цоо шинэ өвчлөл бий болж байна. Энэ нь цаашид нэмэгдэх хандлагатай. Эмчлэхийн тулд анагаах ухаанд цоо шинэ эмчилгээ хэрэгтэй. Энэ эмчилгээ мэдээж хэрэг дэвшилтэт технологи шаардана.
АРСЛАН ЗОРИГТОЙ, ЧОНОН ХИЙМОРЬТОЙ ИХ ТАЛЫН МОНГОЛ АЙХЫН УЧИР ЮУ ВЭ?
Анхны Атомын цахилгаан станц 1954 оноос ажиллаж эхэлсэн бол өдгөө 32 оронд 435 цөмийн эрчим хүчний реактор, хөдөлгөнт 400 гаруй, судалгааны 200, нийт 1000 гаруй реактор ажиллаж эрчим хүчээр хангадаг. Түүний нэг болох Фукушима анхдагч цөмийн реакторуудын нэг. Тэр үед Монгол улс ямар техник хэрэглэж байв. Чехийн “Шкода” машин 1960 онд Монголд иржээ. Бид ерөнхийдөө салга амбан, газ 51-тэй байсан үе. Үүнийг замын хөдөлгөөний дүрэм батлана. Тэр үеийн замын хөдөлгөөний дүрэм: “Дөрвөн замын уулзвар дээр дөрвөн талаас зэрэг ирвэл жолооч нар нь бууж ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хэн нь эхэлж явахаа шийднэ” Монголд техник ийм дүрэмтэй байхад дэлхийд Атомын цахилгаан станц ажиллаж байж. Саяхан 1990 он гартал бид Зил-130, 69, аавын цээжтэй, 120 км газарт хонож очдог, 40 литр түлш хэрэглэдэг байв. Өнөөдөр бид тийм газарт бараг ганцхан цаг явж, дөрвөн литр бензин хэрэглэх техникийн дэвшилд хүрлээ. Арслан зоригтой, чонон хийморьтой их талын Монгол айхын учир юу вэ? Арал дээр дайвалзаж байгаа хүмүүстэй өөрсдийгөө зүйрлээд суугаа нь дэндүү ичмээр. Атлант, Номхон далай хоорондох эх газрыг эрхшээж явсан Их Монголын үр сад мөн үү, бид.
АЙСАН ХҮН АРАВ ҮХЭХИЙН ҮЛГЭР
Монголд цацрагийн үүсгүүр хэрэглэдэг 270 аж ахуйн нэгж байна. Зөвхөн анагаах ухаанд арван мянган төрлийн изотоп хэрэглэж байна. Тэрнээсээ айгаагүй мөртлөө хий хоосон ярианаас юунд айна. 90-200 м/с хүрдэг хүчтэй хар шуурга болдог Америк, байнгын чичиргээтэй арлын 56 Mining & Money орнууд айхгүй байхад, 2,5 баллын чичиргээтэй, дээд тал нь 24 м/с хүрдэг салхитай бид айсан хүн арав үхэхийн үлгэр үзүүлж явна уу. Япон төвтэй гар утас, Америк төвтэй интернэт хэрэглэж байна. Солонгос, Япончууд хуучирлаа гээд хаясан машиныг бид шинэ тэрэг хэмээн худалдан авч байна. Солонгос явуулна гэхээр 20, 30 мянгаараа дугаарлаад хоёр гурав хоног. Юуны учир. Амьдрах л гэж. Өнгөтэй өөдтэй явъя л гэж. Одоогийн энэ орчин бол өртөг өндөртэй үйлдвэрлэл, үнэ ихтэй бараа л танд өгнө. Тиймээс л гадаад руу зүтгээд байгаа хэрэг. Яагаад гэвэл бид бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байна. Хэрэв бид шинэ юм хийвэл технологи л ярина. 130 машин хийхэд авах хүн байхгүй. Тиймээс орчин үеийн техник хийж байж зарна. Шинэ дэвшилтэт бүхэн цөмийн технологитой холбогдож байна.
ХИЙЖ ҮЗЭЖ БАЙЖ, МАГАДГҮЙ АЛДАЖ БАЙЖ Л СУРНА…
Уурхай гэдэг үгийг мэддэггүй шахуу байхдаа Монголчууд Эрдэнэт хэмээх том үйлдвэрийг шууд л барьж эхэлсэн. Олон жил Монголын “саалийн үнээ” байсан. Одоо ч байна. Гэтэл XXI зууны эрдэмтдийг чадахгүй гэж байгаа нь итгэлийн гал нь унтарсных уу? Цөмийн болон цацрагийн ямар нэг эрсдэлтэй зүйл тохиолдлоо гэхэд хамгийн түрүүнд цөмийн энергийн газар, онцгой байдал, мэргэжлийн хяналтын газрын хэдэн мэргэжилтнүүд торгуулийн сумангийн цэрэг шиг явна. Өөр хэн ч явахгүй. Жагсаал цуглаан, хэвлэлийн бага хурал хийгээд ямар ч аюулд, өчүүхөн ч нэмэр болохгүй. Харин ч хүмүүсийг сэтгэл санааны дарамтанд оруулна
ХӨГЖИХИЙН ТУЛД БИШ АМЬДРАХЫН ТУЛД ЦӨМИЙН ЭНЕРГИ ХЭРЭГЛЭХ ЦАГ ИРНЭ.
Хэн нэгэн очоод Урааныг хэмжээд тогтоочихож болдог юм бол мэргэжлийн байгууллагаар яах юм. Эрдэмтэд хамаг цаг заваа шинжлэх ухаанд зориулахын хэрэг байна уу? Урааныг дагаад 300 төрлийн минерал байдаг бөгөөд зардралын урвалаас хамаарч 40 төрөл болдог. Гамма, бетта, альфа гэж цацрагийн гурван янзаар ангилдаг. Үүнээс гадна уурхай ажиллаж эхлэхээс өмнө бараг арван жил зарцуулдаг. Зарим нь түүнээс ч олон жил. Энэ олон жилд судалгаа л хийдэг. Хөрс, ургамал, агаар, ус гэх мэт, усыг гэхэд л гүний, булаг шанд, худаг, хурдац, тогтоц, урсац гэх мэтээр нарийвчлан судалдаг. Хэдэн төрлийн амьтан байна, түүнээс шувуу хэд, нүүдлийн, гүйдлийн, нутагшсан, үржлийн, газрын хэвлийн, ой модны г,м бүхнийг олон жилийн давтамжаар, өвөл, хавар, зун, намар, өнтэй, гантай жил гээд маш олон төрлийн судалгааг, олон аргачлалаар хийдэг. Уурхай ажиллах явцад нөгөө судалгаа хэвийн байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн байгууллагууд байнга хянаж шалгадаг. Ямар нэг зүйл өөрчлөгдсөн бол юу юу нь яаж өөрчлөгдөж гэдгийг нарийвчлан тулгаад дүгнэлт гаргадаг. Үүнийг л шинжлэх ухаан гээд байгаа юм. Амьдрал бол шулуун зам биш. Аз жаргал алган дээр байдаг бол агуу их эрдэмтэд амьдралаа юу гэж шинжлэх ухаанд зориулах юм. Одоо зөвхөн хөгжих тухайд цөмийн энерги ярьж байна. Удахгүй амьдрахын тулд цөмийн энерги хэрэглэнэ. Би малчин хүн малаа маллаад, наймаачин худалдаагаа хийж амьдраад байна надад юу ч хэрэггүй гэж зарим хүн бодож болох. Үнэндээ бол тийм биш. Зөвхөн нэг хүний төлөө эмч, цагдаа, багш, эдийн засагч, хилийн цэрэг гээд мэргэжлийн маш олон байгууллага, хүн ажилладаг. Тэднийг төсвөөс цалинжуулдаг. Хулгай, дээрмээс хамгаалдаг цагдаатай, хил манадаг цэрэгтэй, хүүхэд чинь үнэ төлбөргүй хичээл ном заадаг багштай, халуурахад үзээд өгдөг эмчтэй тул та тайван амьдардгийг хүн бүр ойлгох учиртай. Сэргээгдэх эрчим хүч дэлхийн цахилгааны хэрэглээний арав гаруй хувийг эзлэж байна. Гаргаж байгаа цахилгааны үнэ нь дулааны цахилгаан станцаас бараг хоёр дахин их үнэтэй байгаагаас гадна туйлын жигд бус ажиллагаатай. Манай Тайшир, Дөргөн, Хүнгийн гол дээр барьсан усан цахилгаан станц тийм ч найдвартай биш байна. Хатанбулаг сумын Нарны цахилгаан станц ч хэл ам таталсаар… Атомын цахилгаан станцын дунд чадлын СМАРТ реакторын нэг блок нь 100МВт гаргах чадалтай бөгөөд 500 сая ам.долларын үнэтэй, ашиглалтын зардал бага. Манайхаас нэг ч төгрөг гаргахгүйгээр бариад өгөх улс орон нэг биш байна. Ажиллах хугацаа нь 60 жил; барьж байгуулах хугацаа нь 2,5 жил гэх мэт. Чадал нь 100,300,600 МВт-ын Орос, Казахастан ВБЭР-300 загварын их бага реакторууд байна. Санхүүжилтийг РосАтом бүрэн хариуцна. 20 жил ашиглалт, засвар үйлчилгээг өөрсдөө хийнэ. Нэгэн зэрэг есөн оронд Атомын цахилгаан станц барих чадвартай РосАтомыг анзаарахгүй өнгөрч болохгүй.
ФҮКҮШИМАГИЙН ОСОЛ ФИЗИК МЭДДЭГГҮЙ ХҮНД АЙДАС, МЭДДЭГ ХҮНД ЗОРИГ ӨГСӨН.
Өмнө нь долоон баллын хүчтэй газар хөдлөлтөнд цөмийн реактор яаж тэсэхийг үнэндээ хэн ч мэдэхгүй байлаа. Харин Фүкүшимагийн осол нэг талаар туршилт болжээ. Мэдээж хэрэг физикээс хол хүмүүст айдастай үйл явдал болсон. Эрдэмтэд тэр дундаа цөмийн мэргэжилтэнүүдэд зориг өглөө. Долоон баллд яах ч үгүй байгаа юм чинь бид хөргөлтийн системээ найдвартай хийчихвэл цөмийн реактор тийм ч амархан эвдрэхгүй эд гэдгээ батлав. Тиймээс цөмийн реактор нэмэгдэж байна. Иран улс жил бүрийн дөрөвдүгээр сарын 9-нд “Дэвшилтэт цөмийн технологийн өдөр”-ийг тэмдэглэж байна. Турк Франц-Японтой хамтарч атомын цахилгаан станц барих тууз хайчлан том баяр тэмдэглэв. Манайх яахаараа гэмт хэрэг хийсэн хүн шиг байдаг юм. Хоёр том гүрний дунд оршиж байна. Хойшоо урагшаа хөлхөлдөх аянчин гийчин өдөр бүр нэмэгдэж байна. Хориотой эм бэлдмэл, хар тамхи, хими, бактерлогийн зэвсэг гээд хил гаалиар орж гарах маш их зүйл байгаа. Түүнийг юугаар хянаж байна. Цөмийн технологи дээр суурилсан багаж л ашиглаж байна. Ирээдүй физик, химийн шинжлэх ухаан дээр тогтох хандлагатай. Өргөн цар хүрээгээр харахад хүн төрөлхтөн цөмийн энергигүйгээр амьдрах боломжгүй болчихож. Хоцрогдсон Монгол судалгааны ч реакторгүй. Гэтэл атом мэдэхгүй үндэстэн амьтнаас өөрцгүй болох гээд байдаг. (Бараг атомгүй үндэстэн гэхэд болноi)
XXI ЗУУН БОЛ АЙМШИГТАЙ ЭРИН
Товчоор хэлэхэд бид “МАНКУРТ” сүйрлийн ирмэг дээр амьдарч байна. Шинэ зуунд хүн төрөлхтнийг технологи л аварна. XXI зуун бол аймшгийн эрин. Яагаад аймшигтай вэ гэвэл оюун санааны тэмцэл болж байна. Энэ тулааны зэвсэг нь дэвшилтэт технологи. Тэр технологи нь цөмийн энерги. Атом аюултай юу гэвэл мэдээж маш аюултай. Гэхдээ айж зугатаад амьд үлдэнэ гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Тиймээс айж байвал довтлох хэрэгтэй. Хамгаалалт хэзээ ч ялалт авч ирдэггүй. Чөлөөт бөхийн тайлбар харж байсан спорт сонирхогч нар мэдэж байгаа байх. Хамгийн сайн хамгаалалт бол довтлох гэж байнга хэлдэг. Их монголын байлдан дагуулал, их ялалт зөвхөн довтолж чадсанд л байдаг. Хамгаалаад суусан бол бид гурван голын бэлчрээс хальж чадах байсан гэж үү. Тайван амьдрахыг хүсдэг хүн дайнд бэлэн байх ёстой гэсэн үг бий. Бэлэн байхын тулд бид судлах хэрэгтэй. Судлахын тулд хэрэглэх хэрэгтэй. Тэгж байж л мэднэ. Тийм байдаг, ийм байдаг юм гэнэ гэсэн үг сонсож, түүнийгээ үнэмшилтэйгээр ярьж сууснаар юу ч хожихгүй.
ТЕХНОЛОГИЙН 3-Р ҮЕ:
Чернобыль, Фүкүшимаг жишээ болгон хүмүүс ярих юм. Тэр чинь 1960-ад оны буюу технологийн 2-р үеийн бүтээгдэхүүн юм. Хүн төрөлхтөн технологийн 3-р үеэс 4-р үе рүү орох гэж байхад 2-р үеэрээ жишээ аваад сууж байх нь сэтгэлгээний хоцрогдлын илрэл. Технологийн дэвшил сүүлийн 50 жилд, тэр дундаа сүүлийн 20 жилд өндөр хурдтайгаар хөгжиж байна. Энгийнээр хэлэхэд гар утас эсвэл компьютер аваад хэрэглэж сураагүй шахуу байтал дараагийн утас, компьютер гарч ирээд өмнөх нь хэрэггүй болдогтой адил юм. Сүүлийнх нь мэдээж хурдтай, хүчин чадал ихтэй, боловсронгуй гээд өмнөх бүтээгдэхүүнээс бүх л зүйлээрээ давуу байдаг. Цөмийн технологи бол түүнээс ч нарийн зохион байгуулалттай бүтээгдэж байна. Цөмийн реакторын системийн удирдлагыг автомат компьютерээр хянадаг боллоо. Тиймээс сүүлийн цөмийн реактор гэмтэх магадлал саяд нэг гэж эрдэмтэд тооцоолж байна. Мянган цөмийн реактор мянган жил ажиллахад нэг нь гэмтэж магадгүй гэнэ. Магадгүй шүү… Тэр нь манайд таараад дэлбэрлээ юу, тийм азгүй үндэстэн байснаас байгаагүй нь дээр биз. Манайх батлагдсан Урааны нөөцөөрөө дэлхийн ураантай орнуудын жагсаалтын 11-13 хооронд бичигдэж байна. Энэ нөөцөөрөө тооцоолоход дэлхийн бүх урааны хэрэглээг хангана гэвэл хоёр жилийн нөөцтэй. Зөвхөн дангаараа хэрэглэвэл 1000 жилийн нөөцтэй байна. Гэтэл бид таамаг нөөцөөрөө нэгт орж байгаа шүү дээ. Төгсгөлд нь хэлэхэд: Цөмийн физик хаана хөгжиж байна тэнд шинэ дэвшилтэт технологи бүтээгдэж байна. Хүчирхэг технологитой улс хөгжлөөр түүчээлэх болоо. Товчоор хэлэхэд цөмийн энергийг хэн ашиглаж байна тэр дэлхийг захирна…
Нийгэм
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан.
Тэгвэл энэхүү дэмжлэгийг үзүүлэх, шалгуур үзүүлэлт болон журмыг нь гаргах Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр боллоо.
Хурлаар:
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг
- Виртуал бүсийн ажиллах журам, түүнд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх тухай журмын төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Ажлын хэсгийн гишүүдийг сонгохдоо мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тухайлан заасан хуулийн этгээд болох шинжлэх ухаан, технологи, санхүү, татвар, жижиг дунд үйлдвэрлэл, инновацын асуудлаар дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын холбогдох мэргэжилтэн, судлаачдыг багтаажээ.
Үндэсний зөвлөл нь Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмжих бодит орчныг бий болгох үүрэгтэй юм.
Анхдугаар хурлын үеэр Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал, Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Золзаяа дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн компаниуддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлснээр тухайн улс орнууд ДНБ-дээ мэдээллийн технологийн салбарын эзлэх хувь хэмжээ, экспорт, хүний нөөцөө хэрхэн нэмэгдүүлж байгаа сайн жишгийг танилцуулж, дотоодын стартап компаниудад энэ төрлийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчны бүрдсэн талаар мэдээлэл өглөө.
ЦХИХХ-ны сайд, Үндэсний зөвлөлийн дэд дарга Ц.Баатархүү: Мэдээллийн технологийн компаниудад хууль эрх зүйн талаас нь боломжийг нь нээж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан. Одоо эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж байна.
Үндэсний зөвлөл нь цаашид Монгол Улсад инновацын экосистемийг бүрдүүлэх, стартапыг дэмждэг бодит орчныг бий болгох үүрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү зөвлөл нь виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргаж, УИХ болон Засгийн газарт танилцуулна. Иймд хүрээгээ зөв тодорхойлж, сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр хийх технологийг шийдлийг нэвтрүүлэх зарчмыг баримтлах шаардлагатай гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн хийсэн. Ebarimt болон E-mongolia-гийг далайд гарцгүй орнууд сонирхож байна. Төрд байгаа эх кодыг экспортлох, олсон орлогыг виртуал бүсэд төвлөрүүлнэ гэдгийг онцлов. Цаашид дижитал эдийн засгийг бий болгох, ДНБ-д мэдээллийн технологийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсаас дэлхийн хэмжээний юникорн “төрүүлэх” суурийг өнөөдөр тавьж байна гэдгийг дурдав.
Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед дэлхийн улс орнууд өөр өөрсдийн амбицаа зарлаж байна. Тухайлбал, Япон улс 2030 он гэхэд робот техник, хиймэл оюун, IoT, кибер аюулгүй байдал зэрэг салбарууддаа анхаарч, жил бүр дижитал экспортыг 7 их наяд иенд хүргэх зорилт тавьсан бол Австрали улс дижитал худалдааг 30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Харин Казахстан улсын Astana Hub нь технологийн экспортоо 2025 он гэхэд 500 сая ам.доллар, 2030 он гэхэд 1 тэрбум ам.долларт хүргэх зорилго тодорхойлсон байна.
Эдгээр улсууд дээрх зорилгодоо хүрэхийн тулд мэдээллийн технологийн компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна.
АСТАНА ХАБ 2027 ОНД АНХНЫ ЮНИКОРН КОМПАНИА ДЭЛХИЙД ГАРГАНА
Астана Хаб нь 2018 онд байгуулагдаж, нэг жилийн дотор 35 сая ам.долларын орлогын олж төвлөрүүлсэн байна. Тус улс нь 2023 онд мэдээллийн технологийн экспортоо 80 гаруй хувиар өсгөж, 25,000 ажлын байр шинээр бий болгож, 665 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Астана Хаб 2027 онд анхны юникорн компаниа төрүүлэхээр ажиллаж байна. Тэд өөрсдийнгөө “Технологийн хаб” хэмээн тодорхойлж, олон улсад амбицаа зарлаад байна.
УЗБЕКИСТАН УЛС ОЛОН УЛСАД “АУТСОРСИНГ ХАБ” ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ
Узбекистан улсын мэдээллийн технологийн экспорт нь 2023 онд 343 сая ам.долларт хүрчээ. Тэд өөрсдийгөө олон улсад “Аутсорсинг хаб” хэмээн тодорхойлсон бөгөөд 2030 он гэхэд 300,000 ажлын байрыг бий болгож, экспортоо 5 тэрбум ам.долларт хүргэх тооцооллыг гаргажээ.
МОНГОЛ УЛСЫН ДНБ-Д IT САЛБАРЫН ЭЗЛЭХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Монгол Улсын хувьд ДНБ-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 3.2 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг бий болгоход дээрх үндэсний зөвлөлийн үүрэг чухалд тооцогдож байна.
Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Ажлын албаны даргаар МТҮП-ын захирал Ж.Золзаяа нар ажиллаж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Нийгэм
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн.
Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ.
Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм20 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Нийгэм1 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр20 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр20 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм2 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
-
Дэлхий дахинд29 мин өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ