Дэлхий дахинд
БНСУ өндөр технологийн зэвсгүүдээ үзүүлэв
Хойд Солонгос энэ долоо хоногт хэд хэдэн удаа баллистик пуужингийн өдөөн хатгалга явууллаа. Тэгвэл Өмнөд Солонгосын арми Зэвсэгт хүчний өдрийг тохиолдуулан өчигдөр /2022.10.01/ өндөр технологийн томоохон зэвсгүүдээ дэлгэж үзүүлжээ. Батлан хамгаалах яам ойн баярыг тохиолдуулан Сөүлээс өмнө зүгт 160 км-ийн зайд орших “Gyeryongdae” цогцолборт “Шинжлэх ухаан, технологид суурилсан хүчирхэг цэрэг арми” уриан дор албан ёсны үйл ажиллагаа хийлээ.
БНАСАУ зүүн тэнгис рүү ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харваснаас хойш хэдэн цагийн дараа жил бүр тогтмол болдог эл арга хэмжээ нээгдсэн.
Арга хэмжээнд ерөнхийлөгч Юн Сук Ёл, Батлан хамгаалахын сайд Ли Жонг Суп болон зэвсэгт хүчний дээд командлагч нар, жирийн цэргүүд, ахмад дайчид оролцов. Түүнчлэн хиймэл оюун ухаан гэх мэт орчин үеийн технологид суурилсан армийг илүү хүчирхэг, ухаалаг болгох зорилготой элит хүчнүүд байв. Уг элит хүчнийг Юны засаг захиргааны батлан хамгаалахын шинэчлэлийн хүрээнд санаачилсан.
Ёслолын ажиллагаагаар дэлгэсэн гол зэвсгийн системүүд нь Хойд Солонгосын хөгжиж буй цөмийн болон пуужингийн аюулыг эсэргүүцэх гурван талт систем юм. Гурван талт системд “Kill Chain” буюу урьдчилан сэргийлэх цохилтын платформ, “KMPR” буюу гэнэтийн хариу арга хэмжээнд чиглэсэн хөтөлбөр, “KAMD” буюу агаарын довтолгооноос хамгаалах систем багтана.
“Kill Chain” системийн чадварыг харуулахын тулд 230 мм-ийн “Chunmoo” олон пуужин харвагч, газар-газар ангиллын армийн тактикийн пуужингийн систем болон “Hyunmoo-II, III” пуужингуудыг үзүүлэв. “KAMD” системийг таниулах хүрээнд их бууны эсрэг радарын систем, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, “Patriot Advanced Capability-3” саатуулах системийг үзүүлжээ. Мөн байлдааны К2 танк, К9 өөрөө явагч гаубиц, довтолгооны газар уснаа явагч машинуудыг үзүүлэв.
Эдгээр зэвсгийг үзүүлэх нь Өмнөд Солонгос энэ салбарт хүчээ авч байгааг илтгэж байна. Тиймдээ ч энэ оны эхээр дотоодын компаниуд Польш улстай К2 танк, К9 гаубиц, FA-50 хөнгөн довтолгооны сөнөөгч онгоц нийлүүлэх томоохон гэрээ байгуулсан.
Ёслолын үеэр Өмнөд Солонгос, АНУ-ын цэргүүдээс бүрдсэн баг шүхрээр үсрэв.
Өмнөд Солонгосын арми мөн F-35A радараас зайлсхийдэг сөнөөгч онгоцнууд зэрэг үндсэн агаарын хүчнийхээ цувралыг үзүүлэв. Эдгээр нислэгийн дараа Агаарын цэргийн хүчний “Хар бүргэдүүд” нисэх онгоцны багийнхан баярын тоглолт үзүүлэв.
Эх сурвалж: YONHAP