Нийгэм
“ХҮЙС ТОЛГОЙН БИЧЭЭС” НУТАГТАА ЗАЛАРЛАА
Монголчууд европ дахинаас ч өмнө 1400 жилийн тэртээ өөрийн гэсэн бичиг үсэгтэй байсны дурсгал болох “Хүйс толгойн бичээс” гэрэлт хөшөөний хуулбарыг энэ дурсгал олдсон Булган аймгийн Могод сумын сумын төвд залах ёслол боллоо. Түүх соёлын “Хосгүй үнэт дурсгал” болох үүний эх хөшөө нь Төрийн ордонд залаатай байсныг Чингисийн музейд шилжүүлэн, хууль дүрмийн дагуу зөвшөөрөл аван дахин хоёр хувилбар хийлгэж нэгийг нь Төрийн ордонд залсан бол хоёр дахийг нь ийн уугуул нутагт нь залж байгаа юм байна. Энэ дурсгал бидэнд өмнө нь олоод байсан 1224, 1225 оны үед босгосон Чингисийн чулууны бичгээс даруй 600 жилийн өмнө манай эриний 601 оны орчимд монгол брахми бичгээр бичигдсэн гэдгийг эрдэмтэд тогтоожээ.
Олон жилийн туршид олон арван эрдэмтдийн анхаарлыг татаж судлагдсаар ирсэн Хүйс толгойн бичээсийг ӨМӨЗО-ны эрдэмтэн, судлаач Солонгод овогт Л.Хурцбаатар тайлж уншсан байна. Бичээсийн агуулга бол манай эриний 600 оны орчмоор алагдсан эртний Түрэгийн Нири хааны хатад, дүүс “Нэгэн бодисадва шиг шинэ хаан” төрөхийг хүсэн даатгаж, мөргөл тахилгын явцыг тэмдэглэсэн “Бид нар хаан дигиний сүнснээс нэгэн бодисадвагийн шиг шинэ хаан төрөх ба Бода хааны уг угсааг ухааран санаж, Хири, Анакаяа, …, Бидин, Жаха, Боди, Бигиеэ нар нийгмийн долоон гишүүд хуран цуглаж хөг дуу санал нэгдэв. Бид жолоо нар хар ная тувар нартай бөгтөг гэр, цэцэр майхнаа босгон тахилга хийв. Нири хааны хатад дүү нар Нири хаан ба Түрэг хааны учирт ихсийн тайлга өргөв. Хири овгийн Хэрхин удган, Барга овгийн сүнс дуудаач хэвхэн бүжиглэж, ихсийн хишгийг даяар олонд түгээн тарааж, овгийн ахас ухаантан нараас их хаан бага ханд зул өргөн өчив. …бид Нири хаан Түрэг хааны сүнсийг хөжин сэргээн увдислан, зул өргөн өчиж, Дархад Жэеэби уг бичгийг… дархлан бичив” гэсэн байдаг юм байна. Хөшөөний нээлтэд тус нутгийн эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын хүү эрдэмтэн Билгүүдэй, монголч эрдэмтэн, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо, Чингисийн музейн захирал Чулуун, хөшөөний бичээсийг тайлж уншсан эрдэмтэн Л.Хурцбаатар нар оролцсон юм.
Нийгэм
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн.
Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ.
Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр18 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр18 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм13 мин өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ