Энтертайнмент
“Moon Dance” дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
Герман улсын Брауншвейг хотноо бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ болж өнгөрлөө. Монгол Улсаа төлөөлөн латин бүжгийн төрөлд “Хатантуул”, стандарт бүжгийн төрөлд “Moon Dance”, “Star” зэрэг хамтлагууд оролцов.
Үүнээс стандарт бүжгийн төрөлд “Moon Dance” хамтлаг хоёрдугаар байр эзэлж, дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд болов. Харин “Star” хамтлаг дөрөвдүгээр байрт удаалжээ.
Стандарт бүжгийн дэлхийн аваргаар Германы Гран-Голд-Клаб Бремен тодорсон бол латин бүжгийн дэлхийн аваргаар Германы Брауншвейгер ТСС хамтлаг шалгарчээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.