Бусад
Төрийг хүчгүйдүүлж буй тэрбумтан түшээд буюу ЖДҮ-чин гишүүд

Манай Монгол ер нь их амар амгалан улс юм. Ард түмэн маань ч үнэхээрийн аядуу зөөлөн голдуу хүмүүс ажээ.
Учир юу хэмээвээс хоёр гуравхан жилийн өмнө гуйж гувшсаар УИХ-д сонгогдсон хүмүүс нь төрийн, түмний хөрөнгөөс улайм цайм хулгай хийчихээд байхад ард түмэн тоохгүй л сууж байдаг. Нөгөөдүүл нь ч цайрчихсан. Гуян дээрх “гурил”-аа ч гөвөхгүй.
Эрхэм гишүүд хэдэн арваараа, хүн тус бүр ЖДҮХС-гаас 950 сая, түүнээс дээш тэрбум гаруй төгрөгийг туучихлаа. Тэр нь баригдлаа. Хуулийн байгууллага шалгаж үзээд гэмт хэрэг гэж үзэв. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д санал орууллаа. Гэвч УИХ ард түмний хөрөнгөөс шуусан гишүүдээ бүрэн эрхтэй нь үлдээх шийдвэрийг гаргав.
Уг нь Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮХС-г цөлмөсөн гишүүдийг шалгахаар УИХ-ыг царайчилж суух шаардлагагүй юм. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6.9.1-т “…гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан” бол асуудлыг шийдвэрлэнэ гэж байгаа.
Энэ нь ЖДҮХС-гийн зээлийн асуудалд холбогдож,тэр нь тогтоогодож буй УИХ-ын гишүүнийг “…гэмт үйлдлийнх нь явцад баривчилж” болно гэсэн үг.
Ийм жишээг бид урд, хойд хөршөөсөө хангалттай л харж байгаа. Тиймээс Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан АТГ, цагдаа, тагнуулын гүйцэтгэх ажилтнуудыг дагуулж ороод л чирээд аваад гарах хуулийн эрхтэй юм. Угтаа УИХ-ын тэрбумтан гишүүд ЖДҮХС-гийн хөрөнгийг ийн цөлмөчихсөн л байгаа юм. УИХ-ын 16 орчим гишүүн өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан, хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан нь хуулийн байгууллагын мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байдаг. Шалгалтын явцад хөгийн хөгийн зүйлолноороо илэрч байгаа мэдээлэл бий.
УИХ-ын гишүүдэд хоморголон зээл олгох ажлыг гардан хийсэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг чуулганы хуралдаан дээр “…Энэхүү зээлийг зорилтот бүлэгт нь олгосон “ гэж гүрийгээд л сууж байна. Гэтэл тэрээр жилд өөрөө 22.2 сая, гэр бүл нь 320.6 сая төгрөгийн орлоготой. 3.8 тэрбумын үнэтэй гурван орон сууцтай. 1.3 тэрбумын үнэтэй хоёр газартай. Хадгаламжиндаа 346 сая төгрөгтэй. Бас таван компанид хувьцаа эзэмшдэг. Ийм хөрөнгө орлоготой Б.Батзориг ХХААХҮ-ийн сайд болдог жилээ хувьцааг нь өөр хүнд шилжүүлсэн, өдгөө эхнэр нь хариуцдаг “Тээвэр ачлал” компанидаа 1.4 тэрбумын зээл олгочихсон байгаа юм.
Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар жилд өөрөө 30.5 сая, гэр бүл нь 242 сая төгрөг олдог. 928 сая төгрөгийн үнэ бүхий гурван ширхэг орон сууцтай. Зургаан компанийн хувьцаа эзэмшдэг. Түүний эзэмшлийн “Эпато анарваан “компанид ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Өөрөө жилд 315.9 сая төгрөг, гэр бүл нь 14 сая төгрөгийн орлоготой, 1.02 тэрбумын үнэтэй таван орон сууцтай, дансандаа 13.8 сая төгрөгтэй, гурван компанийн хувьцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Л.Энхболдын охин Э.Мандухайн “Мийт экспорт интернэшнл” ХХК-д 2016 онд ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөг олгочихсон байна.
Мөн жилд өөрөө жилийн 22.4 сая төгрөг, гэр бүл нь 92.6 сая төгрөг олдог, 420 сая төгрөгийн гурван орон сууцтай, 18.6 сая төгрөгийн хадгаламжтай, таван компанийн хувьцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хамаарал бүхий “Сапфир стоун” компани 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
Бас өөрөө жилд 2.4 тэрбум төгрөг, гэр бүл нь 14.3 сая төгрөг олдог, 485.5 сая төгрөгийн орон сууцтай, 4.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 2.8 тэрбум төгрөгийн авлагатай, хоёр компанийн хувцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” компанид 950 сая төгрөгийн зээл олгосон байна.
Түүнчлэн өөрөө 22.7 сая төгрөг, гэр бүл нь 342 сая төгрөг жилийн орлоготой, 1.08 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 13 ширхэг орон сууц, үйлдвэрийн барилгатай, 380.4 сая төгрөгийн хадгаламжтай, гурван компанийн хувьцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Г.Солтаны “Монгол шаазан” компанид дээрх сангаас 950 сая төгрөгийн зээл өгчээ.
Жилд өөрөө 22.7 сая төгрөг, гэр бүлийнх нь гишүүд 1.4 тэрбум төгрөг олдог, 430 сая төгрөгийн дөрвөн орон сууцтай, 332.9 сая төгрөгийн хадгаламжтай, 20 компанид хувь эзэмшдэг УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.
Энэ мэтчилэн дурдаад байвал УИХ-ын гишүүн Б.Ундармаа, О.Батнасан, Х.Болорчулуун, Б.Наранхүү, Г.Тэмүүлэн , Б.Баттөмөр нарын гишүүд ийн нэр араас нь цувна. Тэдний хөрөнгө бэл ч тэрбум тэрбумаар яригдана.
Уг нь ЖДҮХС бол “…Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэдэг гоё уриа, зорилготой үүссэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, жилийн 3.0 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн зорилтот бүлэг нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид юм л даа. ЖДҮХС тэдэнд зориулж, урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох, санхүүгийн түрээс /лизинг/-ээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх, Төрөөс дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, ажлын байр бий болгосон жижиг,дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, сургалт явуулж, зөвлөгөө өгөх, зээлийн давхар батлан даалтын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төрийн хөрөнгийг төвлөрүүлэн түгээдэг сан юм. Түүнчлэн УИХ-аар 2007 оны долдугаар сарын 27-ны өдөр баталсан Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдгийг “…ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажилллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд нэг тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн”гэж тодорхойлсон байна.
Гэхдээ үүнд “….Тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл; Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа; Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ; Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах” зэргийг хамааруулахгүй гэж заажээ.
Энэхүү “зорилтот бүлэг”-т дээрх гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд, эзэмшлийн компаниуд нь багтах уу?! Мэдээж хэрэг, үгүй.
Тийм байтал энэхүү “ЖДҮ-гийн хэрэг” гээчид нэр холбогдсон гишүүдээс хуулийн болоод ёс суртахууны хариуцлага хүлээх эр зоригтон гарч ирсэнгүй. Бүгд л өөрийгөө “…Буруугүй” хэмээн мэдэгдэв. ЖДҮ-гээс болж сайдын ажлаа өгсөн Я.Содбаатар хүртэл “…Эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компани, эхнэр маань одоо үйл ажиллагаанд нь оролцдоггүй, би энэ зээлийн талаар мэдэхгүй” л гээд байсан. Сүүлд сайдын ажлаа өгөхдөө “…ЖДҮХС-тай миний хамаарал бүхий компани нэр холбогдсон. Энэ асуудлаар хууль шүүхийн байгууллага шалгаж байгаа бөгөөд удахгүй ус, тосыг нь ялгаад гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, улстөрчийн хувьд ёс зүйг эрхэмлэдгийн хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж бараг л “…Хэлмэгдчихлээ” гэх шахав.
Гэтэл “…Мэдэхгүй” гээд байсан “Эпато анарваан” гэдэг эмнэлэг /сувилал/ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард Я.Содбаатарын хамаарал бүхий бас нэг компанийн барьсан хотхон дотор хаяг шошгоо хадчихсан үйл ажиллагаагаа явуулж л байна. Бас Дундговиос сонгогдсон Б.Наранхүү гэдэг нөхөр “…Дэргэдээ эрдэнэ байсныг мэдсэнгүй. Дүүгийн маань төсөл улсад 2-3 тэрбум төгрөгийн ашигтай байсан юм байна. Дүүгийнхээ зээлийг ах нь төлчихнө. Нэмээд өөрт нь хоёр тэрбум төгрөг өгчихнө” гэж ярив. Тэр бас л мэдээгүй гэж байгаа юм. Гэхдээ хэнд зориулж, ямар тайлбар өгч байгааг эндээс ойлгож болно. Энэ мэтээр ЖДҮХС-гийн хөрөнгийг тараасан сайд асан, авсан гишүүд гавьяа байгуулсан мэтээр хээвнэг ярих ,хэлэх боллоо.
Ер нь бол ийм маягаар Монголын төр хүчтэй байж, Монгол Улс хөгжихгүй.
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зорилгоо болгон тунхаглаад байга шударга ёс ч тогтохгүй.
Тодруулбал, хууль тогтоох дээд байгууллагад шургалсан дээрх мэтийн хууль зөрчиж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой бага хүүтэй зээлийг замаас нь авсан тэрбумтан гишүүд ёс суртахууныг уландаа гишгэж, хуулийн дээр сандайлжээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм6 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм5 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм6 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм6 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм6 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм6 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм5 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ