Дэлхий дахинд
Энэтхэгт гүүр нурж, 78 хүн нас барав
Энэтхэгийн баруун хэсэгт орших Гужарат мужид өчигдөр /2022.10.30/ 18:40 цагийн орчимд явган хүний гүүр нуржээ. Гүүрийг хэдхэн хоногийн өмнө засварласан байсан. Ослын улмаас Макчу голд олон зуун хүн живж, 78 хүн амиа алдлаа. Бичлэгээс харахад амьд үлдсэн хүмүүс нурсан гүүрнээс дүүжлэгдэж байв. 80 гаруй хүнийг аварч чадсан гэж мужийн сайд Брижеш Мержа мэдэгдлээ. Тухайн үед гүүр дээр 400 орчим хүн байжээ. Энэ дунд цөөнгүй хүүхэд байсан гэв.
Их Британийн колончлолын үед баригдсан уг гүүр 230 метр урттай. Нутгийнхан Жулто усан сан гэж нэрлэж заншсан энэ газар нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг.
Аврах ажиллагаанд зэргэлдээх дүүргийн онцгой байдлын албан хаагчдыг илгээсэн бөгөөд ажиллагаа шөнөжин үргэлжилжээ. Ерөнхий сайд Нарендра Моди төрөлх Гужарат муждаа гурван өдрийн айлчлал хийж байна. Тэрбээр эмгэнэлт явдалд гүнээ харамсаж буйгаа мэдэгдээд, шархадсан хүмүүст болон нас барагсдын ойр дотныхонд нөхөн төлбөр олгоно гэж хэллээ.
Гүүр яагаад нурсан нь тодорхойгүй байгаа ч Дивали баярыг тохиолдуулан тус хэсэгт амралтын өдрүүдээр хөл хөдөлгөөн ихтэй байсан гэж үзэж байна. Бичлэгээс үзэхэд хөл хөдөлгөөний оргил үеэр явган хүний гүүр ганхаж харагджээ.