Энтертайнмент
Ч.Номин: Соёлын бүтээлч сар агуулга, хэлбэрээрээ өргөжин тэлж байна

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулагддаг Соёлын бүтээлч сар аян өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ жилийн соёлын бүтээлч сар /хөтөлбөр/-ын хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хамаарах 140 гаруй арга хэмжээг Улаанбаатар хотод, 600 гаруй хөтөлбөр, арга хэмжээг орон нутагт зохион байгуулахаар төлөвлөсөн юм.
Энэ дагуу өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Монгол цам” үзэсгэлэнгээр Соёлын бүтээлч сар аяны нээлтийг хийв.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:
“Соёлын бүтээл сар аян бол соёл, урлагийн олон талт үйл ажиллагаагаар дамжуулан ард иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааны түншлэлийг хөгжүүлэх, соёлын салбарын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ.
Аяны хүрээнд бид түүх, соёлын баялаг үнэт зүйлсээ сурталчлан таниулахаас гадна, соёл урлагийн бүх төрлийн үйлчилгээг ард иргэддээ хүргэдэг. Түүнчлэн, салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлаа ярилцаж, гарц шийдлээ тодорхойлох чиглэлээр цөөнгүй арга хэмжээг зохион байгуулдаг.
Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж байгаа энэхүү аян нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод соёлыг хөгжүүлэхтэй холбоотойгоор туссан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд жил ирэх тусам агуулга, хэлбэрээр баяжиж, цар хүрээний хувьд өргөжиж, зохион байгуулалтын хувьд боловсронгуй болж байгаа.
Бид жил бүрийн “Соёлын бүтээлч сар” аяныг өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр зохион байгуулахыг зорьж байгаа бөгөөд энэ жилийн хувьд бид “Монгол цам”-ыг онцолж байна. Монголд цамын урлаг дэлгэрч, 300 гаруй жилийн хугацаанд хөгжиж ирэхдээ монголчуудын ур ухаан, утга бэлгэдэл, урлаг соёлын гайхамшигт үнэт зүйлсийг тээн бидний үед уламжлагдсан. Монгол цамын ая дан, бүжгийн хэмнэл, хувцас хэрэглэл хийгээд түүнийг бүтээсэн дэглэлт, мужаан, дарх, оёдол зэрэг бүхий л үйлийн илэрхийлэл нь монголын ард түмний хэдэн мянганы турш хөгжүүлж, өвлүүлж ирсэн оюун санааны хийгээд эд өлгийн зүйлийн давтагдашгүй өвөрмөц хэв шинжийг агуулдаг. Энэ бол монголчууд бидний бусдаас ялгарах ондоошил хийгээд ижилслийг илэрхийлэх соёлын өвийн үнэт зүйлс учир түүний утга бэлгэдлийг ухамсарлан ойлгож, баяжуулан хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь Та бидний үүрэг хариуцлага юм” гэв.
“Монгол цам” үзэсгэлэн энэ сарын 6-ны өдрийг дуустал Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарах бөгөөд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа XIX-XX зууны эхэн үеийн Их хүрээний нэртэй урчуудын бүтээсэн түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл болох Жамсран бурхны шүрэн баг, өмсгөл сэлтийн хамт иж бүрнээрээ, Сэндом, Азар, Чомбон болон олныг баясгагч алиа Цагаан өвгөний баг болон цамын бусад хувцас, ружин чимэг зүүлт тэргүүтэн мөн Лянганы багаж хэмээх цамын барьц зэвсэг, хөгжмийн зэмсэг, цам харайх зан үйлийг харуулсан уран зураг, гэрэл зураг зэрэг 90 гаруй үзмэрийг дэглээд байна.
Мөн энэхүү үзэсгэлэнд 2003 оноос тасралтгүй цам гаргаж буй Зүүн хүрээ Дашчойлин хийдээс 30 гаруй цамын холбогдолтой эд өлгийн зүйлийг нэмж байрлуулсан байгаа юм.
Үзэсгэлэнгийн үеэр 1989 онд Амарбаясгалант хийдэд хуучин цамын дэг ёсыг сэргээн цамнасан баримтат кино, 1998 онд Ганданчэглэнлин хийдийн цам гаргасан тухай баримтат киног үзэгчдэд хүргэж, үзэсгэлэн гарах хугацаанд эрдэмтэн судлаачид цамын утга бэлгэдэл, түүх, урлагийн сэдвээр үзэгчдэд лекц уншиж танилцуулж байна.
Түүнчлэн үзэсгэлэнгээр дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдэд цамын хувцас хэрэглэл болон гоёл чимэглэлийн зүйлд шингэсэн хэлбэр төрхийг дээжлэн танилцуулж, тэдгээрийг бүтээсэн уламжлалт арга ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар үндэсний онцлог бүхий бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэлэг санаа сэдлийг бий болгохыг зорьж буй юм.

Цам нь 8 дугаар зууны үед Энэтхэг, Төвөдөд үүссэн гэх бөгөөд хүний сэтгэлд буй уур, мунхаг, шуналын гурван хорыг даран мөхөөж элдэв зүйлийн гай барцдаас ангижруулахын утга бэлгэдэл агуулдаг бурхны шашны нууц тарнийн ёсны зан үйл, багт бүжиг юм. Цам нь дотроо “Жахар цам”, “Тахилын цам”, “Их цам” зэрэг олон төрөлтэй. Хамгийн том цар нийт 108 дүр байх ба гол дүрд үхэр тэргүүнтэй Эрлэг номун хаан, урт насыг хайрлагч Цагаан өвгөн, эд баялгийг арвижуулаг Намсрай, өвчин зовлонгоос аврагч Балданлхам зэрэг догшин сахиуснууд багтдаг. Эдгээр дүр бүр нь тусгай гоёл чимэглэл бүхий баг, өмсгөл өмсөн гартаа элдэв төрлийн бэлгэдэлт барьцуудыг барин бүжиглэдэг.
Эрдэмтэн судлаачид Зүүнгарын хаант улсын хаан Цэвээнравдангийн дэргэд амьдарч байсан Оросын элч Иван Унковский өөрийн өдрийн тэмдэглэлдээ цагаан сарын өмнө цам бүжиглэсэн тухай тэмдэглэснийг иш татан Монголд цам дэлгэрсэн түүхийг 18 дугаар зууны эхэн үеэс эхлэлтэй хэмээн үздэг байна. Үүнээс хойш 1786 онд Эрдэнэзуу хийдэд, 1811 онд Их Хүрээнд Ү Далай ламын дэгээр гаргаж байсан бол 1916 онд Чойжин ламын сүмд Буян Ерөөлт буюу Дашчойнхорлин сүмийн дэг ёсоор үйлдэж байжээ.








Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм8 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм9 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм9 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм9 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм9 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав