Дэлхий дахинд
Хавайн арлыг галт шоргоолжны эзлэн түрэмгийлэл заналхийлж байна
Хавайн арлуудын дөрөв дэх том арал болох Кауай сая сая галт шоргоолжны эзлэн түрэмгийлэлд өртсөн тухай албаныхан мэдээлжээ.
Маш аюултай энэхүү шавж Хавайн уугуул амьтан биш бөгөөд 1999 онд анх удаа тус аралд илэрч байсан юм.
“Шоргоолжнууд манай иргэдийн амьдралын хэв маягийг өөрчлөөд эхэллээ. Өмнө нь ууланд авирч, далайн эрэгт чөлөөтэй очдог байсан бол одоо тэнд шоргоолжнууд хүмүүсийн бие дээгүүр гүйлдэж, хаздаг болсон. Бүр гэртээ унтаж байхад нь хүртэл хазсан тохиолдлууд олноор бүртгэгдэж байна” гэж Хавайн хортон шавжтай тэмцэх албаны мэргэжилтэн Хидер Форестер ярьсныг SFGate сайт мэдээлжээ.
Галт шоргоолжинд хазуулсан биеийн хэсэг улайж, хавдаж, загатнадаг ба энэ байдал хэдэн долоо хоногийн турш үргэлжилдэг гэнэ.
Кауай арлын захиргаа айл өрхүүдэд шоргоолж илрүүлэгч үнэгүй тарааж, илэрсэн тохиолдолд мэдэгдэх уриалга гаргасан байна.
Галт шоргоолж одоогоор Вайлуа голын хөндийд тархаад байгаа ба цааш арлын бусад хэсэгт тараахгүйн төлөө ажиллаж байгаагаа мэргэжилтнүүд мэдээлжээ.
Өмнөд Америк тивийн уугуул амьтан галт шоргоолжийг өөртөө нутагшуулахгүйн тулд дэлхийн улс орнууд ихээхэн хүчин чармайлт гаргадаг.
Тухайлбал Австрали улс жил бүр $275 саяыг галт шоргоолж устгалд зарцуулдаг гэсэн тоо баримт бий.
Энэ сарын эхээр Японы Хирошима мужийн Фүкүяма боомтод Вьетнам улсаас Хонконгоор дамжиж ирсэн ачаанаас галт шоргоолж хэдэн мянгаараа илэрсэн тухай мэдээлж байв. Японы эрх баригчид тэр дор нь ачааг битүүмжилж, устгал явуулсан байна. Одоогоор тус улсад галт шоргоолж тархсан, нутагшсан шинж тэмдэг илрээгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: Business Insider