Спорт
Малчин телевизийн 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд улсын гарди М.Бадарч түрүүллээ

Малчин телевизийн 10 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Арангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч 8 даван түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, шинэ, залуу улсын арслан Б.Орхонбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Ц.Бямба-Отгон нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын харцага Х.Гантулга, улсын начин Д.Хүдэрбулга, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн арслан А.Нармандах нар үлдэв.
Ирэх долоо хоногт буюу 2023 оны 02-р сарын 01-ний өдрийн 20:00 цагаас Алтан цомын төлөөх цувралын шигшээ найман багийн барилдаан эхэлнэ.
Эхний өдөр 20:00 цагаас Увс болон Булган аймгууд барилдах бол
02-р сарын 02-нд 20:00 цагаас Баян-Өлгий – Өвөрхангай,
02-р сарын 03-нд 20:00 цагаас Төв – Баянхонгор,
02-р сарын 04-нд 16:00 цагаас Архангай – Завхан аймгууд учраа тааран барилдана.
Мөн 02 -р сарын 05-нд 12:00 цагаас “Жем Интернэшнл” ХК-ийн нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.