Улсын хэмжээнд 2025 оны хоёрдугаар сарын байдлаар 284.379 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь нэг сартай харьцуулахад 6.9 хувиар буурчээ.

Нийт зөрчлийн хэргийн 71.8 хувь нь Нийслэлд, 28.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол Цагдаагийн байгууллага 97.8 хувийг шалгаж, бусад байгууллага 2.2 хувийг нь шалгаж, шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд 277.129 хүн, 630 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 75.3 хувь нь эрэгтэй, 24.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 61.4 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг нэгдүгээр сартай харьцуулахад зарим төрлийн зөрчил буурсан дүнтэй байна. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 39.9 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 22.6 хувиар, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 22 хувиар, Хүний биед халдах зөрчил 17.4 хувиар, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 13.5 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 6.7 хувиар тус тус буурчээ.